Чадын энхийг сахиулагчид нэгнийгээ хөнөөжээ

2016 оны 3 сарын 14

 

Мали улсын хойд хэсгийн Кидал хот дахь  НҮБ-ын энхийг сахиулагчдын баазад цэргүүд хоорондоо буудалцжээ. Маргаанаас үүдэлтэй буудалцааны улмаас хоёр энхийг сахиулагч амь үрэгдэж, нэг нь хөнгөн шархтсан бөгөөд өөр нэг цэргийг баривчилсан байна.  

 

Үүнээс өмнө өнгөрсөн хоёрдугаар сарын 25-нд Чадын энхийг сахиулагч цэрэг гал нээж, командлагч болон эмчийг хөнөөсөн хэрэг гарч байв. Халдлага үйлдсэн энхийг сахиулагч алба хааж буй нөхцөл байдалдаа сэтгэл дундуур байсан гэнэ.

 

Түүнчлэн өнгөрсөн жил Чадын хоёр энхийг сахиулагч цалингаа аваагүй гэдэг шалтгаанаар Малийн хойд хэсгийн баазыг орхин явсан хэрэг гарч байсан аж. Мали улс дахь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны гол орон нь Чад улс бөгөөд 2000 гэрээт цэрэг алба хаадаг байна. Чадын засгийн газраас Мали улс дахь тус улсын цэргүүдийг  хайхрахгүй байна хэмээн НҮБ-ыг шүүмжилж байжээ.

 

Исламын зэвсэгт хүчин Малийн хойд хэсгийн эзэлснээс хойш НҮБ тус улсад энхийг сахиулах ажиллагаа явуулах болсон юм. Гэвч өнгөрсөн жил Малид 28 цэрэг амь үрэгдэж, 80 гаруй нь гэмтэж шартсан нь НҮБ-ын хамгийн аюултай  энхийг сахиулах ажиллагаа болжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: AGENCE FRANCE-PRESSE

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна