Гурван месье нэг мадам

2016 оны 3 сарын 14

Фото: Pascal Rossignol / Reuters

 

Францын ерөнхийлөгчийн сонгууль хүртэл жил гаруйхан хугацаа үлджээ. 2016 он нь Елисейн ордны төлөөх тэмцэлд тодорхойлох жил болох юм.  Энэ онд Францын түүхэнд анхных болох праймериз Николя Саркозийн толгойлдог “Бүгд найрамдахчууд” намын (2015 он хүртэл «Ард түмний хөдөлгөөний төлөөх холбоо» нэртэй байсан) дотор явагдаж, эдийн засгийн онцгой арга хэмжээ нь тодорно. Түүнээс нь өнөөгийн ерөнхийлөгч Франсуа Олланд ба Социалист намын улс төрийн хувь заяа хамаарна.

 

Энэ оны эхээр, Францын хэд хэдэн судалгааны алба олон нийтийн шинэ санал асуулгуудыг гаргахад, ерөнхийлөгчийн сонгуулийн  өрсөлдөгч нарыг Ален Жюппе (30 орчим хувь), Марин Ле Пен (27 орчим хувь) нар тэргүүлж байна. Үзүүлэлтээр Олландын чансаа өсч 22 хувь болон Саркозин 21 хувиас давжээ.

 

Өрсөлдөгч нарын хүчтэй ба сул талууд

 

Илүү их боломжтой байгаа дөрвөн нэр дэвшигчээс ялах боломж Бордо хотын мэр Жак Ширакийн багийн хүн, ерөнхий сайд асан Ален Жюппе-д байна. Сүүлийн жилүүдэд Парисаас хол Бордо хотод ажиласан нь  түүнд  тустай болжээ. Францчууд Саркози, Олланд хоёрын тэмцлээс  залхдаг болсон  юм шиг байгаа.  Тав дахь бүгд найрамдах улсын оршин суугчдын 74 хувь нь тэр хоёрыг ерөнхийлөгчөөр харах хүсэлгүй байгаа юм. Саркози ч Олланд ч эдийн засгийн  хямрал, нийгэм ба шашны өсч буй сөргөлдөөн, хувийн амьдралын  дуулиан зэргээс олныг залхаажээ.

 

Жюппегийн сөрөг дутагдал нь ялтай байсан явдал. Улсын хөрөнгө зарсан гэж  жил хагасын тэнсэн ял авч байлаа.  Бас “Жюппегийн төлөвлөгөө” гэдгийг олон хүн санаж байгаа.  Тэр нь ерөнхий сайд байхдаа  тийм төлөвлөгөө гарган төрийн ажилтнуудын тэтгэврийг буулгаж,  боловсрол,  эрүүлийг хамгаалахын  мөнгийг хассан юм.  Төлөвлөгөөг биелүүлэх  явцад 1968 оноос хойших хамгийн өргөн цар хүрээтэй  ажил хаялтыг төрийн ажилтнууд гурван долоо хоног хийн хоёр сая хүн түүнд оролцсон юм.

 

Бордо хотын мэр 70 настай байгаа нь түүний бас нэг дутагдал болж байна. Харьцуулахад, Олланд — 61, Саркози — мөн л 61,, Марин Ле Пен — 47 настай. Гэхдээ дээр хэлсэн бүгд түүний гол дутагдал биш. Харин тэрээр өөрийн нам дотроо явцгүй. Иргэдийн хувьд түүнийг 56 хувь нь сайнаар хүлээн авдаг. Гэлээ ч нам дотор чансаагаа тэр нэмж байна.  Харин Саркозийн хувьд барууныхан дундаа “захиргааны жин” нь их.

 

Ален Жюппе

Фото: Zuma / Globallookpress.com

 

Николя Саркози  нь намынхаа лидер, Францын ерөнхийлөгч байсан хүн (2007-2012). Гол давуу тал нь  улсынхаа том намыг удирдсан туршлагатай. Энэ хоёр чанар нь түүнийг ялуулж магадгүй юм.  Харин сөрөг тал нь түүний улсаа удирдсан  таван жил. Энэ таван жилд ажлаа хангалтгүй хийсэн гэж францчууд  үзэн хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд нь түүнийг сонгоогүй юм.  Мөн тэрээр  албан тушаалаа урвуулан ашигласан хэргийн мөрдөн байцаалтад байгаа.  Хэрэв эдгээр хэргүүдийг нь сөхөн сэргээвэл Саркози дахин дэвшиж чадахгүйд хүрэх талтай.

 

Николя Саркози эхнэр Карла Брунийн хамт. 2014 он

 

Өнөөгийн ерөнхийлөгч Франсуа Олланд сүүлийн үед чансаагаа нэмж байгаа. Олланд 2012 оны сонгуульд ажилгүйдлийг бууруулж, нийгмийн зардлыг нэмэгдүүлэх хөтөлбөртэйгээр ялсан юм.

 

Эдийн засгийн өсөлтгүй, төлбөрийн сөрөг баланстай, улсын өр их байсан үед тэр хөтөлбөр нь ихээхэн амбицтай байлаа. Германы канцлерийн хатуу шахалтаар тэр төсвийн  алдагдлаа гурван хувь хүртэл  буулгахаар тэр зөвшөөрсөн байсан нь нийгмийн амлалтаа эхний гурван жилдээ биелүүлж чадахгүйд хүргэжээ.  Олландын засаг барилт тэр хугацаанд  эдийн засгийн байдлыг нь  муутгасан юм.  Өнгөрсөн онд ажилгүйдэл өсөн таван хувь болжээ.  Худалдааны алдагдал нь өмнөх жилийнхээсээ 13,9 хувиар нэмэгджээ.

 

Гэтэл  Францад цуврал аллагууд хийсэн нь батлан хамгаалах зардлаа нэмэхэд хүргэлээ. Үүссэн байдал ЕХ-ны дургүйцэлтэй тулгарсан ч  нийгмийн зардлыг нэмэх боломжийг түүнд өгөв. Энэ жилийн нэгдүгээр сард   тэр хоёр тэрбум еврог  ажилгүйдэлтэй тэмцэхэд  гаргалаа.  Хэрэв эдгээр арга хэмжээ нь  эерэг болж чадвал түүний дахин сонгогдох боломж нэмэгдэнэ. Мөн тэрээр намынхаа цорын ганц нэр дэвшигч болох учир  намдаа хагарал гаргахгүй.

 

Франсуа Олланд. 2014 он

Фото: Christian Hartmann / Reuters

 

Гэхдээ түүний сул  тал хангалттай. Эхний гурван жилдээ тэр хувийн амьдралын дайны дуулиан дунд мөн гадаад бодлогын  бодлогогүй арга хэмжээг гэнэтхэн  гаргах зэргээр нэрээ муутгасан. Дээр нь эдийн засгийн байдал мууг нэмэх хэрэгтэй.  Мөн түүний нэр хүнд франц мусульмануудын дунд ихээр унажээ. Өмнөх сонгуулийн хоёрдугаар шатанд мусульмануудыг түүнийг дэмжсэн билээ.

 

Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх цорын ганц  мадам Марин Ле Пений тухай их бичигдэж яригдсан. Сүүлийн жилүүдэд ноцтой амжилтыг тэр олсон нь сүүлийн орон нутгийн сонгуулийн дүн харуулав Түүний үндсэрхэг үзэлтнүүдийн нам  орон нутгийн захиргаанд  өөрийн депутатуудын тоог 118-аас 358 хүртэл нэмэгдүүллээ. Тэрээр аажмаар радикал нэрээс намаа салгаж байна. Эцгийгээ намаас хөөсөн нь энд ихээхэн тус болов.

 

Гэхдээ Елисейн ордонд  орох боломж бараг түүнд байхгүй. Нэлээдгүй амжилттай байгаа ч түүний намыг францчууд ерөнхийдөө дэмждэггүй. Түүний боломж нь дүрвэгсэдтэй холбоотой асуудал хүндэрч болох  тохиолдолд 2022 онд ирж магадгүй юм.

 

Марин Ле Пен Үндэсний фронтын жагсаал дээр.  2012.05.01

Фото: Pascal Le Segretain / Getty Images

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна