“Малчдад тусалъя” аян эхэллээ

2016 оны 3 сарын 14

Сэтгүүлч:
Өвөрхангай

Өвөрхангай аймгийн хангайн бүсийн зарим сумын нутагт цас их унаж, хаваржилт хүндрээд байна. Тус аймгийн Бүрд, Өлзийт, Есөнзүйл, Хужирт, Баян-Өндөр сум зудын гамшгийн байдалд хүрсэн тухай нутгийн малчид мэдээлж эхэлсэн. Орон нутгаас авсан мэдээллээр Хужирт сумын урд тал, Өлзийтийн зүүн тал, Есөнзүйл сум бүхэлдээ цасан хучигдаж, мал бэлчээрлэх боломжгүй, зам даваа хаагдсан дур зураг үүсжээ. Мал төллөж эхэлсэн энэ үед өвс тэжээл олох, малчдад хүргэх ажил хамгийн их хүндрэлтэй болсон байна. Иймээс аймгийн Гамшгаас хамгаалах сангаас 23 сая орчим төгрөгийн өвс, тэжээл, бензин шатахуун, машин тэрэгний туслалцаа үзүүлж, зам, давааг нээх ажлыг эхлүүлсэн байх юм.  Мөн Онцгой байдлын ерөнхий газраас авсан хаваржилтын нөхцөл байдлын мэдээгээр Бат-Өлзий, Нарийнтээл сум цагаанаар зудархуу болсон бөгөөд хаваржилт хүндэрч болзошгүй байдал тулгарчээ. Иймд сэтгүүлчдийн нэгдсэн “Бичиг занги” ТББ-аас малчдадаа тус дэм болохыг зорьж “Өвөрхангайн малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяныг өнөөдрөөс эхлүүлж байна. Ирэх дөрөвдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл “Малчдад тусалъя” аян  20 хоногийн хугацаанд үргэлжилнэ. Аяны хүрээнд Өвөрхангай аймгаас төрсөн соёл урлаг, спортын алдартнууд, нийгэм, улс төрийн зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид болон цаг агаарын хүнд нөхцөлд, байгалийн гамшигтай тэмцэж буй малчдадаа туслах, тэдэнд сэтгэлийн дэм, урам хайрлахыг хүссэн хүн бүрийг уриалан нэгтгэж мөнгөн тусламж, эд материалын хандив цуглуулах юм.

“Өвөрхангайн малчдадаа тусалъя” сайн үйлсийн аян нь цас, зудын гамшгийг гарз хохирол багатай даван туулахаар зүтгэж буй малчдадаа туслахыг хүссэн олон хүн, нийгмийн хариуцлагаа ухамсарласан аж ахуй нэгжийн удирдлагуудын сайхан сэтгэлийн нэгдэл байх юм.

“Чадах бүхнээрээ тусалъя” уриатай уг аянд нэгдэгчид лаа, чүдэнз, бээлий, гутал, хувцас, нэмнээ, өвс, хивэг, мөнгөн тусламж гээд цас зудад зутруун хаваржиж буй малчинд бага ч атугай хэрэгцээтэй, тус болох зүйлсийг хандивлаарай. Сайн үйлсийн аянаар цугласан хандивын мөнгөөр малын тэжээл авч, мөн хандивласан эд материалыг малчдад тусламжийн цуваа болгон малчдад хүргэнэ. Хэрэв та энэ үйлсийг дэмжиж байгаа бол “Өвөрхангай аймгийн малчдадаа тусалъя” фэйсбүүк хуудаст нэгдэж, “Өвөрхангайн малчдадаа тусалъя” сайн үйлсийн аяны хандивын данс болох ХААН банкны 5041390608 гэсэн дансанд хандив өгөх боломжтойгоос гадна 88007569, 88102298 утсаар холбоо барьж болох юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ
 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна