Монгол цэргийн илдний гайхамшгаас дэлгэв

2016 оны 3 сарын 14

Эр цэргийн баярт зориулан “Монгол цэрэг” үзэсгэлэнг өнөөдөр нээлээ. Үзэсгэлэнд 13-14 дүгээр зууны үеийн цэргийн амьдрал ахуй, эд зүйлс, зэр зэвсгийг дэлгэн харуулж байгаа юм. Жил бүр ийнхүү үзэсгэлэн гардаг ч энэ удаагийнх нь монгол цэргийн нэрийн хуудас болохуйц ховор үзмэр болсон сэлмийг цогцоор нь дэлгэн харуулж буй.

Үзэсгэлэнгийн хүндтэй хойморт заларч буй хотгор илд үзэгчдийн анхаарлыг ихээр татаж байв. Учир нь тухайн үеийн цэргүүд махир сэлэм хэрэглэдэг байжээ. Гэтэл үзэсгэлэнгийн голд байрлуулсан сэлэм хотгор. Тайлбарлагчийн хэлж буйгаар энэ сэлмийг 2013 оны Засгийн газрын тогтоолоор Монгол Улсын хосгүй үнэт үзмэрийн жагсаалтад багтаажээ. Энэхүү сэлмийг Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутгаас 1987 онд олсон байна. Хотгор илдийг 13-14 дүгээр зууны үеийн монголчууд, монгол цэргүүдийн сэлмийг төлөөлөх цорын ганц илд хэмээн тайлбарлалаа.

Үзэсгэлэнгийн хойморт залрах бас нэгэн илд бол маршал илд юм. Монгол Улс 1936 онд маршал цолыг бий болгож, улмаар Х.Чойбалсан, Г.Дэмид нарт олгож байжээ. Энэ үед буюу 1944 онд ЗХУ-д маршал илдийг захиалан хийлгүүлж байсан түүхтэй. 96 см урт 1.7 кг жинтэй энэ илдэд рубин, доржпалам, маргад зэрэг 137 ширхэг эрдэнийн чулууг шигтгэжээ. Улмаар 11 газарт алтдаж, алхан хээ, өлзий хээг шигтгэж урласан байна. Мөн 1940 оны төрийн сүлд, БНМАУ-ын маршал гэсэн тэмдгийг урласан байдаг аж.

Ийнхүү үзэсгэлэнд зөвхөн илд, сэлмээс гадна монгол цэргүүдийн эдэлж байсан гархин хөө хуяг, дуулга, бамбай, нум сум, хаадын хөрөг, зуун цэрэг захирах түшмэлийн далбаа, дун бүрээ, төрийн ёслолын цэргийн цагаан тугийн анхны эх загвар,     Монгол ардын хувьсгалт цэргийн түүхэнд холбогдох 20 гаруй архивын баримт бичиг зэрэг үзмэрүүд дэлгэгджээ.

Ийнхүү өнөөдөр “Монгол цэрэг” үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ дундаас Хатанбаатар Магсаржавын хэрэглэж байсан сэлэм, маршал цолд зориулан бүтээсэн маршал сэлэм, Манж чин улсын үеийн цаазын сэлэм зэрэг үзмэрүүд олны анхаарлыг татаж байсан юм.

Б.ЗАЯА

Зураглаач: Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна