Инфляци яг хэдэн хувьтай байна вэ?

2016 оны 3 сарын 15

“Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд энэ оны хоёрдугаар сард өмнөх сарынхаас 0.7 хувь, өмнөх оны эцсийнхээс 1.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс хоёр хувиар өслөө. Ийн өсөхөд боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 23.1 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 4.7 хувь, гэр ахуйн тавилга, барааны бүлгийн үнэ дүнгээрээ 4.5 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна” гэсэн мэдээллийг өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригт /2016.03.11/ Улсын бүртгэл статистикийн ерөнхий газар /УБСЕГ/-аас сэтгүүлчдэд өглөө.

Инфляц нам төвшинд очсон нь сайн хэрэг, инфляцийн төвшин өмнөх сарынхаас өслөө, буурлаа гэхчилэн мэдээллүүд байнга гарч  байгаа ч “Инфляц тэгээд одоо яг хэдэн хувьтай байгаа юм бэ?” гэсэн асуултад хариулт өгөх хүн олдсонгүй. Инфляцийг өмнөх сарын өсөлт, бууралтаар хэмждэг гэх. Гэтэл урьд нь энэ асуултын хариу яг таг тодорхой байдаг байлаа. Үндэсний статистикийн хороо, Монголбанкны хаанаас нь ч асуусан 12 хувь, 9,8 хувь гэхчилэн тодорхой тоогоор инфляцийг хэмжин мэдээлж байв. Харин хоёр байгууллагын тоон үзүүлэлт хоорондоо зөрүүтэй гарчихаад толгой эргэдэг байсан уу гэхээс инфляц хэд вэ гэдэгт эргэлзэж тээнэгэлзэж байсангүй. Чухам хэдийнээс инфляцийг бодит тоогоор илэрхийлэхээ байсныг хайгаад олсонгүй. Хариу хэлэх хүн ч таарсангүй.

Дэлхийн банкнаас 2015 оны зургадугаар сард гаргасан Монгол Улсын эдийн засгийн тоймд “Улаанбаатар хотын хэмжээнд тооцсон инфляци тавдугаар сарын эцэст 7.5 хувь болж өмнөх 1,2 дугаар сарын 8.8 хувийн өсөлтөөс буурав” гэсэн мэдээлэл багтжээ. Улсын инфляц найман хувьтай гарсан нь мөн өмнөх сарын 9.2 хувийн өсөлтөөс саарлаа. Суурь инфляцийн түвшин  10 хувь болж дөрөвдүгээр  сарын эцсийн 11 хувиас буурав” хэмээн тодотгосон байна. Тэгэхээр одоогоос нэг жил гурван сарын өмнө инфляцийг энгийн иргэдэд ойлгохоор бодит тоогоор хэмжиж байж. Харин яг одоо инфляц хэд вэ гэдгийг мэргэжилтнүүд нууж байна. Инфляцийг зөвхөн хэлбэлзлээр хэмждэг юм бол эдийн засгийн бусад үзүүлэлтийг хэрхэх вэ. Улсын хэмжээнд ажилгүйдлийн төвшин, ДНБ-ий дүн гэхчилэн нийгэм, эдийн засгийн нөхцөл байдлыг илэрхийлдэг тоон үзүүлэлт олон бий. Тэр бүгдийг зөвхөн өсөлт, бууралтаар мэдээлбэл мэдээлээгүйгээс ялгаа байна уу. Өсч буурч байгааг нь тогтоохын тулд өмнөх сарын дүн заавал байж таарна. Дунд сургуулийн хүүхдэд ч тодорхой баймаар энэ асуултын хариуг бүрхэг, бүдэг болгох ямар шалтгаан байна вэ. Хоёрдугаар ангийн сурах бичигт орсон сүнстэй бодлогод хүртэл анхны өгөгдөл байхад улсын маань эдийн засгийн гол үзүүлэлт болох инфляцийн төвшинг өмнөх сарынх нь үзүүлэлтгүйгээр өссөн буурсныг хэрхэн тогтоодог хэрэг вэ. Хэрэглээний үнийн сагсанд бадаг 314 төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, бууралтад байнгын судалгаа хийж,  түүнийхээ үндсэн дээр хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн индексийг тогтоодог гэж эдийн засагчид тайлбарладаг. Тэгэхээр инфляцийг тооцохын тулд суурь дэвсгэр заавал хэрэгтэй баймаар.

Хэдхэн хоногийн өмнө УБСЕГ-аас мэдээлснээр бол энэ оны хоёрдугаар сард инфляц өмнөх сарынхаас 0.7 хувь, өмнөх оны эцсийнхээс 1.2 хувь, өмнөх оны мөн үеийнхээс хоёр хувиар өссөн хэмээн мэдээлснээ эгэл жирийн иргэдэд ойлгохоор энгийн үгээр нэг хэлээд өгөхийг  дахин сануулъя. Хэрвээ инфляцийг тэдний өгсөн тоогоор илэрхийлэх юм бол улсын маань инфляци ердөө 0.7 болчихоод байгаа хэрэг үү. Ийн тэг рүү тэмүүлсэн инфляци сайны дохио лав биш. Иргэдийн худалдан авах чадвар муудаж, хэрэглээ нь хумигдаж, жинхнээсээ бүсээ эцэст нь тултал татчихаад байгаа юм биш үү. Эдийн засгийн томъёоллыг эрс өөрөөр тодорхойлж, эсвэл огт мэдээлэхгүй нууцлах нь эргэлзээ тээнэгэлзэл, хардалт сэрдэлт дагуулдагийг сануулъя. Улс орны эдийн засаг, санхүүгийн асуудлыг хариуцаж буй сан хөмрөгийн эзэн болсон Сангийн яам л гэхэд сэтгүүлчдийн хувьд хаалттай ертөнц байдаг. Сайдаас нь өөр хүн тайлбар мэдээлэл өгдөггүй тус яаманд нууцлах юм мундахгүй байгаа гэдэгт мөрийцсөн ч алдахгүй дээ.

Д.ЦЭЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна