Хэвлэх үйлдвэрийн барилгыг буулгаж байна

2016 оны 3 сарын 15

АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг ирэх долоодугаар сарын 15, 16-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулна. Олон улсын төрийн тэргүүн, ерөнхийлөгч, ерөнхий сайдын төвшний зочид уригдан оролцох тус уулзалтад зориулж, хот гудамж талбайгаа тохижуулж эхэлсэн. Ялангуяа зочид ихээр зорчих нэр бүхий 13 гудамжийг ирэх зургаадугаар сар гэхэд батлагдсан зураг төслийн дагуу шинэчилж, цэцэг, модыг шинээр тарина. Мөн Төрийн ордон тойроод байрлах ашиглалтаас гарсан барилгуудыг нурааж, газрыг нь тэгшилж, орчныг нь тохижуулахаар төлөвлөжээ. Тухайлбал өнгөрсөн 12 дугаар сард нээлттэй дуудлага худалдаагаар 24 тэрбум төгрөгийн үнэд хүрч, Таван богд группийн мэдэлд шилжсэн “Улаанбаатар таймс” сонины байр буюу хуучны Сүхбаатар хэвлэх үйлдвэрийн барилгыг буулгаж эхэлсэн байна.

Эх сурвалжийн мэдээлснээр ирэх зургаадугаар сараас өмнө хуучирч, муудсан барилгын балгасыг нурааж, газрыг нь тэгшилж янзлахаар болжээ. Нийслэл хотын төвд А зэрэглэлд байрлалтай, 2698 метр квадрат талбай бүхий эл газрыг Абдул Карим гэх араб гаралтай Монголын иргэн дуудлага худалдаагаар эзэмшихээр болсон ч газрыг худалдан авахаас татгалзсан. Тиймээс дуудлага худалдаанд Абдулын дараах өндөр үнэ хэлсэн “Таван богд” группийн захиралд Ц.Баатарсайханд уг газрыг худалдан авах эрх нь шилжсэн байдаг.   “Таван богд” группийн зүгээс энэхүү хэвлэх үйлдвэрийн байрыг 1929 оных нь тэр л түүхэн дурсгалт байдлаар нь сэргээн засварлаж, GALLERIA ULAANBAATAR нэртэйгээр худалдаа,  үйлчилгээний төвийг нээн ажиллуулахаар төлөвлөсөн аж. Мөн GALLERIA ULAANBAATAR төвдөө Улаанбаатар хотын музейг байрлуулах юм. Таван богд группийн зүгээс Төрийн ордныхоо зэргэлдээ Төрийн ордноосоо өндөр байшин босгохгүй гэсэн байр суурьтай байгаа. Тиймээс ч хэвлэх үйлдвэрийн барилгыг хуучин хэв загварыг нь алдагдуулахгүйгээр хадгалах шийдвэрт хүрчээ. Харин шинээр баригдах төвд “Говь” ХК-ийн нэрийн дэлгүүр, банк, япон, монгол ресторан, автомашины үзүүлэнгийн танхим, дэлхийд алдартай брэндүүдийн бутик дэлгүүр, үйлчилгээний салбарууд байрлах юм.

Д.УУДАМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна