Наран ургах зүгийн ялагч хэн бэ?

2016 оны 3 сарын 15

“Сонгууль-2016” тулааны өнгийг долоо хоног бүр тоймлон хүргэж байгаа билээ. Энэ удаад Сүхбаатар аймагт хэн, хэн өрсөлдөх таамаглал байгааг хүргэе.

Сүхбаатар бол улаан тойрог. 1992 оноос хойшхи сонгуулийн дүнг харахад ихэнхдээ л улааныхан ялалт байгуулж ирсэн байдаг.  Өмнө нь хоёр мандаттай байсан тус тойрог 2012 оноос ганц мандаттай болсон.  Өнөөгийн парламентад тус аймгийг төлөөлж М.Зоригт сууж байгаа. Тэрбээр Шийдлийн Засгийн газрын  Зам тээврийн сайдаар ажиллаж буй бөгөөд, ахиж Сүхбаатар аймгаас нэр дэвшихгүй гэж ам алдсан. Сүхбаатар аймагт нэр дэвших горилогч цөөнгүй ч  мандат ганц. Тиймээс тус аймгаас хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдэг намуудын хувьд тун хүндхэн сонголт болчихоод байна.

АН

Сүхбаатар аймагт нэр дэвшихээр Ардчилсан намаас бие халаалтаа эхлүүлсэн хүмүүс цөөнгүй. Тэдний нэг бол  аймгийн Засаг дарга Ж.Батсуурь. Хийсэн ажилтай, хэлэх үгтэй тэрбээр энэ удаад төрөлх аймгаасаа сонгуульд хүч үзэхээр шийджээ. Түүнийг УИХ-д өрсөлдүүлэхийн тулд М.Зоригт энэ удаагийн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ аймгийнхаа шинэ жилээр мэдэгдсэн.  Өнгөрсөн дөрвөн жилд Сүхбаатар аймагт бүтээн байгуулалт хангалттай өрнөсөн. Нутаг орноо хөгжүүлэхэд багагүй хичээл зүтгэл гаргасан түүнийг Сүхбаатараас “ногоон гэрэл”-ээр гарна гэсэн хүлээлт АН-ынханд байгаа. Одоогоор Ж.Батсуурьтай өрсөлдөхөөр  тус аймгийг тордож байгаа хүн АН-д илэрхий харагдахгүй байна. Гэвч сонгууль дөхөхөөр байдал хаашаа ч эргэж мэднэ.  Ямарч байсан Ж.Батсуурийн хувьд намаасаа нэгээр гарч ирэх шаанс болон дэмжлэг түүнд бий.

МАН

Шинэ оны өмнөхөн ажил үүргээсээ өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхлан  Сүхбаатар аймагт өрсөлдөнө гэсэн мэдээлэл байсан ч тэрбээр  Дархан-Уулыг услах болсон аж. Сүхбаатар аймагт Ардын намаас нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс одоогоор тодроогүй байна.  Улс төрийн хүрээнд яригдаж байгаа албан бус мэдээгээр “Моннис”-ын  Б.Чулуунбаатарыг Сүхбаатарт  сойж  магадгүй нь бололтой. Түүнчлэн 2004,2008 онд Сүхбаатар аймагт ялалт байгуулж УИХ-д суусан Р.Буд тойргоосоо нэр дэвших бодол байгаа гэнэ. Харин намаасаа гарч ирэх шаанс тун бага байгаа бололтой. Юутай ч Сүхбаатарыг тойглож байсан Ардын намын горилогчид "анхны" бодлоосоо эргэн, буцах болсон нь Ардчилсан намыг илт давуу ялна гэж эмээснийх ч байж болох талтай.

МАХН

УИХ-ын 2000, 2004, 2008 оны сонгуульд ялалт байгуулж, Сангийн сайдаар  удаа, дараа ажиллаж явсан Ч.Улаан энэ удаад төрөлх аймгаа тордоод эхэлсэн мэдээлэл байна. Түүний хувьд өнгөрсөн сонгуулиар МАХН-аас жагсаалтаар парламентад сонгогдсон. Энэ удаад Н.Энхбаяр  түүнийг тойргоос нэр дэвшихийг шаардсан гэсэн яриа бий. УИХ-д сууж, МАХН-ын нэрээр эрх мэдэлд хүрч явсан хувиар түүнийг аль нэг тойрогт очиж өрсөлдөх хэрэгтэйг зөвлөжээ. Тиймээс Ч.Улаан  хуучин тойргоо санагалзан, эргэж тойрох болсон байна. Ардын намаасаа урваж, Н.Энхбаярыг дагаж гүйсэн түүнийг аймгийнхан нь хэр хүлээж авах нь тодорхойгүй. Тэгээд ч гурван ч удаа УИХ-ын гишүүнээр аймгаасаа сонгогдож,  Сангийн сайдаар ажиллаж явсан атал  төрсөн нутагтаа шальтай хөгжүүлээгүй гэдэг юм билээ.

 Ийнхүү ирэх зургадугаар сард болох сонгуулийн тов ойртох тусам тойргоо тойглосон  улстөрчдийн идэвх илт сэргэж байна. Гэхдээ Сүхбаатар аймгийн хувьд намууд доторх өрсөлдөөн бага, ганц мандаттай тус тойргийг усалж байгаа хүмүүс АН, МАН, МАХН дотор ганц, нэгхэн байгаа  гэнэ.  Тэдний хэн нь ялагч болохыг  “тэр өдрийн тэнгэр” л мэднэ дээ.

                   Ж.ЭРХЭС

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна