Хэрэглэгчийн өдрийг “Антибитокийг цэснээсээ хасъя” уриатай тэмдэглэнэ

2016 оны 3 сарын 15

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах Олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгээс 1985 онд жил бүрийн энэ өдрийг хэрэглэгчийн өдрөөр зарласан бөгөөд манай улс 2012 оноос эхлэн тэмдэглэж заншжээ. Хэрэглэгчийн өдрүүдийг өнгөрсөн хугацаанд тэмдэглэхдээ “Бидний мөнгө бидний эрх”, “Санхүүгийн үйлчилгээн дэх бодит сонголтын төлөө”, “Үүрэн телефон хэрэглэгчдийн эрхийг хамгаалья” “Зөв зохистой хооллолтын төлөө” уриатайгаар тэмдэглэж байсан бол энэ жил “Антибитокийг цэснээсээ хасъя” уриан дор тэмдэглэж байна.

Засгийн газраас 2016 оныг “Хэрэглэгчийн жил” болгон зарласантай холбогдуулан Шадар сайдын зүгээс энэ өдрийг өөрийн харьяаны Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар, Онцгой байдлын ерөнхий газар, Худалдан авах ажиллагааны газар, Оюуны өмчийн газруудтай хамтран Чингисийн талбай дээр тэмдэглэхээр болжээ. Ингэхдээ иргэд хэрэглэгчдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх өдөрлөг арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулах юм байна. Дээрх байгууллагууд Чингисийн талбай дээр төр болон төрийн бус байгууллагууд үйл ажиллагаагаа сурталчлахаас гадна аж ахуйн нэгжүүд бичиг баримтаа бүрэн бүрдүүлээд ирвэл галын дүгнэлт гаргаж өгөх, сорьцгүй алт мөнгөн эдлэлийг үнэ төлбөргүйгээр сорьц тавьж өгөх, баталгаажуулаагүй тоолуурыг баталгаажуулах, А3 сертификатын сургалтанд 50 хувь үнэ төлбөргүй сургах бүртгэлийг хийх, өргөдөл гомдлыг дараалалгүйгээр шийдвэрлэх зэргээр  иргэдэд үйлчлэх гэнэ.

Д.ЦЭЭНЭ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна