Хаваржилт хаана хүндрэв?

2016 оны 3 сарын 15

Онцгой байдлын ерөнхий газар /ОБЕГ/-аас хаваржилтын хамгийн сүүлийн мэдээг гаргажээ.

Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувьд нь цасан бүрхүүл тогтсон бөгөөд 18 аймгийн 98 сум “Цагаан зуд”-тай, 20 аймгийн 113 сум “Цагаанаар зудархуу” өвөлжсөн банйа. Өчигдрийн /2016.03.14/  байдлаар 17 аймгийн 62 сум “Цагаан зуд”-тай, 15 аймгийн 51 сум “Цагаанаар зудархуу” нөхцөл байдалтай байна. Өвөлжилт, хаваржилт  хүндэрсэнтэй холбогдуулан малчид, иргэдэд төрийн болон нийгмийн халамж, эмнэлгийн үйлчилгээ, өвс тэжээлийн тусламж үзүүлэх, малын вакцин үйлдвэрлэх, шуурхай алба (хүн эмнэлэг, цагдаа, онцгой байдал)-ны үйлчилгээг хугацаа алдахгүй хүргэхэд шаардлагатай автомашиныг олгоод байгаа юм. Засгийн газрын шийдвэрээр нийт 7.3 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 18 аймгийн 33 суманд автомашин, 20 аймагт 10.998.1 тн өвсийг буцалтгүй тусламжаар үнэгүй олгосны сацуу 7367.3 тн тэжээлийн үнийг 50 хувиар хямдруулсан байна.

Одоогийн  байдлаар 463 652 мал хорогджээ. Хамгийн их хорогдолтой нь ямаа, хонь юм байна. Улсын хэмжээнд  тэмээ 139, адуу 17 925, үхэр 46 384, хонь 157 655, ямаа 241 554 толгойгоор буураад байгаа бөгөөд энэ нь нийт малын 0.6 хувийг эзэлж байна.

Хамгийн их малын хорогдолтой аймгаар  Увс (71968), Сүхбаатар (70525), Завхан (58390), Архангай (48376), Баянхонгор (46951) аймгуудыг нэрлэж  байна. Улсын хэмжээнд  209 400 эх мал төллөж,  204 700 төл хүлээн авчээ. 2568 ботго, 301 унага, 5215 тугал, 125.900 хурга, 71.400 ишиг бойжиж байгаа нь гарсан төлийн 98  хувь ажээ.

Монголын Улаан Загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгийн холбооноос Архангай, Баян-Өлгий, Булган, Завхан, Сэлэнгэ, Төв, Увс, Хөвсгөл зэрэг найман  аймгийн 96 сумын 1800 малчин өрхөд нийт 134 сая төгрөгийг бэлнээр тарааж, зургаан  нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн (гурил, цагаан будаа, элсэн чихэр, ургамлын тос, давс, цай) олгож нийт 2.7 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ. Мөн дэлхийн мал, амьтныг хамгаалах нийгэмлэгээс дээрх найман  аймагт 1850, Дундговь аймагт 250 (нийт 2100 ширхэг), нийт 54 сая төгрөгийн үнэ бүхий малын хашааны дулаалгын хаалт хүргүүлжээ. Зудтай болон зудархуу амйаг, сумын тоо цөөнгүй хэдий ч цаашид Засгийн газрын нөөц болон Улсын нөөцөөс хөрөнгө, бараа материал гаргах шаардлагагүй гэж үзжээ.

Д.ЦЭЭНЭ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна