Бор богд, хар хаадад...

2016 оны 3 сарын 15

Бор гэртээ богд, хар гэртээ хаан гэгчээр таарамж муутайхан бол тал тал тийшээ тараад нүүчихдэг нүүдэлчдийн сэтгэхүйд өнөө хэр нь нутагшаагүй ойлголт нь үйлчилгээ. Нэг аятайхан цайны газар нээгдлээ. Хүн ордог боллоо. Маргаашнаас нь хоолныхоо орцоо, хольцоо багасгана. Ингэж байж үйлчлүүлэгчдээ үргээнэ. Ингэх болсон шалтгаан нь ашгаа нэмэгдүүлдэг нарийн ухаан нь. Үйлчлүүлэгчгүй бол хэн тэдэнд орлого оруулах билээ гэдгийг даанч сөхөөрөхгүй. Өгөх хүн гэдийж, авах хүн бөхийдөг нь үйлчилгээний үндсэн зарчим байхад манайд эсрэгээрээ.

Цайны газрынхан үс, хялгас хоолноос нь гарч ирвэл жишим ч үгүй гараараа аваад асуудлыг шийдсэн аятай ташаагаа тулаад зогсох нь энүүхэнд. Дэлгүүрийнхэн харин эрээд олдохгүй эрдэнэ авчирчихсан аятай барааных нь үнийг асуусан хүнд барагтай бол үг дуугарахгүй. Жаахан тааруухан хувцасласан хүн рүү бол шилбэлзэх нь захын жишээ. Ганц унагасан үг нь “үнэтэй шүү дээ”. Үнэгүй юм хавханд л байдгийг үйлчлүүлэгч худалдагчаар заалгахгүй цаг л даа.

Хүнсний супермаркетуудын арга барил арай өөр. Нахилзахыг бол үзүүлж өгнө өө. Түүгээрээ ч үйлчлүүлэгчдээ татна. Гэхдээ нөгөөдүүлээсээ хортой нь тэд “луйврын” арга барилтай. Лангуун дээр хямд үнэ тавиад кассандаа өндөр үнэ хийчихнэ. Үнийн дүнг автоматаар уншуулах явцад зарим нэг маань түүнийг нь анзаарахгүй. Анзаарсан нь шаардлага тавивал “Өө уучлаарай, үнэ нь нэмэгдсэн. Өөрчлөхөө мартжээ” гэж ам таглана. Долоо хоногийн дараа орсон ч үнийн зөрүү бахь байдгаараа.  Иймэрхүү байдлаар л манай үйлчилгээ хөгжиж яваа. Хүнд хэрэгцээт барааг нь өөрийн хэмжээнд, чанартай, хямдаар хийе гэхдээ өнөөг импортлогчидтой өрсөлдөх ямар ч боломж байхгүй.

1990-ээд оны дундуур Монголын ноос боловсруулах үйлдвэр үүдээ барьсан шалтгаан нь ердөө энэ. Урд хөршийн зальтай худалдаачид тухайн үед бүдүүн ноосыг өндөр үнээр авдаг болсон. Ингэхдээ ченжүүд нэртэй монголчуудад өндөр үнэ санал болгож, нөгөөдүүл маань орон нутгаас бүдүүн ноосыг нь өндөр үнээр цохиж авсан. Ноосны үйлдвэрийнхэн хятадуудын үнээс дээгүүр үнэн санал болгох мөнгө байхгүй. Ингээд нарийн ноосоо л өөрсдийн хэмжээнд авах болсон. Харин энэ үзэгдэл малчдад бүдүүн ноосны хуц тавих нь яшигтай юм байна гэх мэргэн ухааныг төрүүлэв. Ингээд хэдхэн жилийн дотор монголд үүлдэр  угсааг нь сайжруулан гаргаж авсан нарийн ноостой хуц үгүй болжээ. Харин энэ цагт өмнөд хөршийнхөнд өрсөлдөгч үгүй болох нь тэр. Тэдний зорилго нь тэр байсан. Ноосны үйлдвэрийг нь дампууруулж, нарийн ноосыг нь үгүй хийснээр зорилгоо 200 хувь биелүүлэх нь тэр. Ингээд өөрсдөд нь өөрийн хүссэнээ шахдаг болох жишээний. Урд хөршөөсөө ариун цэврийн цаасаа хүртэл зөөсөөр байгаагийн шалтгаан нь ердөө л энэ. 

Арилжаа наймаа бол хятад хүний амьдрах гол арга. Энэ л нарийн бодлого, наймааны ухааныхаа ачаар өнөөдөр монголыг байтугай дэлхийн эдийн засгийг өөрсдийнхөөрөө хөдөлгөж байна.

Харин монголчуудын барьдаг муухай зан нь өнөөдөр л хэдэн төгрөг олж байвал маргааш хамаагүй гэх хөгийн аминчхан бодол. Тиймээс ч өөрсдийгөө түрүүнд тавьж, үйлчүүлэгчээ хойш тавьдаг. Өнөөдөр л хулхидаад ч хамаагүй ашиг олж байвал бизнесийг нь маргаашийн өндөрлөгт хүртэл өргөжүүлэх үйлчлүүлэгчдээ бодох сөхөөрөөгүй хөөрхийлөлтэй арга барилтай. Хэрэглэгч, үйлчлүүлэгч яагаад чухал вэ гэдгийг даан ч мэдэхгүй. Байнга л байх зүйл мэт балмад аашилна. Бүх салбартаа энэ гүн ухаанаараа хандана. Микроныхон биднийг улсаас шахах гэж байна, амьдрах арга алга гэж гоншигондогоос биш өөрийг нь оршин тогтнохуйн эх үндэс болсон үйлчлүүлэгчээ зодох бус хамгаалах ёстойг ухаардаггүй. Өнөөдөр хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах өдөр. Гэхдээ хэрэглэгчийг бус өөрийгөө хаанд өргөмжилсөөр буй цаг дор энэ тухай ярихад лөөлөө байна.  “Эхнэрээсээ салчихлаа, ноосоо тушаачихлаа. Ажил сайхан цэгцэрч байна өө” гэдэг л  улс даа, бид чинь. Бор гэрийн богд, хар гэрийн хаадыгаа санаж, сэрээсэй гэсэндээ үүнийг Л.Нарантөгс бичив.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна