Японы угсаа залгамжлах журмыг НҮБ буруутгав

2016 оны 3 сарын 15

Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг устгах НҮБ-ын хороо эзэн хааны угсаа залгамжлах эрх нь зөвхөн эрэгтэй хүүхдэд шилжих ёстой гэж заасан журамд өөрчлөлт оруулахыг Японы талаас хүсчээ. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ хариуд нь Японы хаан ширээг залгамжлах журам эмэгтэйчүүдийг  ялгаварлан гадуурхсан гэж буруу бодож байна гэж буруутгасан байна.

Шинзо Абэ парламентын дээд танхимын хуралдаанд хэлсэн үгэндээ “Хаан ширээг залгамжлах журам эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах зорилго агуулаагүй” хэмээгээд “НҮБ тун зохисгүй үйлдэл гаргалаа” гэсэн юм.

Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг устгах НҮБ-ын хороо Япон улсыг уг журамд өөрчлөлт оруулж, Эзэн хааны гэр бүлийн гишүүд болох гүнж нарт угсаа залгамжлах эрх олгохыг уриалсан байна.

Шинзо Абэ хэлэхдээ Японы эзэн хааны угсаа залгамжлах тогтолцоо нь энэ орны түүх соёл, уламжлалтай нарийн холбоотой. Төдийгээс өдий хүртэл Японы ард түмэн энэ тогтолцоог мөрдсөөр ирсэн. Тиймээс би хүмүүсийг Японы түүх, соёлын талаар зохих хэмжээний ойлголттой болоход шаардлагатай бүхнийг хийнэ. Ийм асуудал дахин гарахгүй байх гэж найдаж байна” гэжээ.

Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтыг устгах НҮБ-ын хороо Эмэгтэйчүүдийн эсрэг ялгаварлан гадуурхалтын бүх хэлбэрийг устгах конвенцийн хэрэгжилтийг хангах зорилготой ажилладаг аж. Тус хороо өнгөрсөн хоёрдугаар сард Женев хотноо дээрх асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлсэн байна.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна