Орон нутагт интернетийн хурд 3.4 дахин нэмэгдлээ

2016 оны 3 сарын 15

Сэтгүүлч:
Улаанбаатар

Орон нутагт интернетийн хурд өнөөдрөөс 3.4 дахин нэмэгдэж, үнэ нь буурлаа. Ингэснээр орон нутгийн иргэд 1Mbps интернетийг өмнө нь 55 мянган төгрөгөөр хэрэглэдэг байсан бол 13 мянган  төгрөг болж байгаа юм.

Учир нь орон нутгийн иргэдэд хүрэх интернет боломж, төрийн үйлчилгээ хязгаарлагдмал байдаг билээ. Тиймээс Засгийн газраас 2016 онд 123 дугаар тогтоол гарган өнөөдрөөс эхлэн орон нутагт интернетийг нийслэлтэй ижил үнэ, хурдтайгаар хүргэхээр болж байгаа аж. Гэхдээ эхний ээлжид 16 аймгийг өнөөдрөөс өндөр хурданд холбож байна. Тухайлбал, Архангай, Баянхонгор, Булган, Говь Сүмбэр, Дархан Уул, Дорноговь, Дорнод, Дундговь, Орхон, Өвөрхангай, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий гэсэн 16 аймагт өнөөдрөөс интернетийн хурд нэмэгдэж, үнэ буурч байгаа аж. Харин ирэх сарын 1-ний өдрөөс Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан, Ховд, Увс аймагт сүлжээний өргөтгөл хийсний дүнд өндөр хурдад холбох юм байна.

Өмнө нь орон нутагт дээд тал нь 300 Kbps хурдтайгаар нэг вэб хуудсыг 40 секундэд уншуулдаг байсан бол одоо нэг Mbps хурдтайгаар 11 секундэд нээдэг болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өмнө нь гурван минутын дууг 120 секунд уншуулдаг байсан бол 32 секунд болж багасаж байгаа аж. Ингэж орон нутгийн иргэдэд интернетийг тэгш, хүртээмжтэй хүргэснээр төрийн үйлчилгээ ойртох боломж бүрдэнэ хэмээн албаныхан тайлбарлалаа. Мөн удахгүй болох сонгуулийн өмнө иргэдэд мэдээллийг хүргэх, цахим хэрэглээг нэмэгдүүлэх хүрээнд хийж буй ажил юм байна.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна