"АТГ хууль зөрчиж байна"

2016 оны 3 сарын 15

Засгийн газар АТГ-т хандаж Н.Энхбаярт хувийн ашиг сонирхлын зөрчил байгаа эсэх талаар мэдээлэл авахыг хүссэн. Гэтэл АТГ-аас ялтай тооцох хугацаа дуусаагүй тул төрийн өндөр албанд ажиллах боломжгүй гэсэн утга бүхий албан бичиг явуулсан байдаг. Өнөөдөр МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьяан АТГ-аас ирүүлсэн албан бичгийн талаар мэдээлэл хийлээ. Тус намынхан уг нь АТГ-аас мэргэжилтэн урьж хэвлэлийн хуралд оролцуулахыг хүссэн байна. Гэвч урилгын дагуу хэн ч ирээгүй юм.

Тэрээр АТГ-аас ирүүлсэн бичгийг тайлбарлахдаа: “Н.Энхбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263-р зүйлийн 263.2-т заасан гэмт хэргийн ялтай байдал нь дуусгавар болоогүй байна гэсэн бичиг ирсэн. Хэлбэрийн хувьд АТГ-аас Н.Энхбаяр ялтай юу, үгүй юу гэж асуугаагүй. Хоёрдугаарт, ялтай, ялгүй эсэхийг ЦЕГ-аас тодорхойлолт өгдөг. Энэ байдлаараа Монгол Улсын хууль тогтоомжийг АТГ, ЦЕГ зөрчиж байгаа юм байна. Н.Энхбаяр даргатай адил эрх зүйн байдалтай хүмүүсийн асуудлыг дээрх хоёр газар дураараа тайлбарладаг гэдэг нь харагдаж байна” хэмээсэн юм.

Эрүүгийн хуулийн 263.2-т заасан зүйл анги нь хүндэвтэр гэмт хэрэгт тооцогддог. Тэгвэл Эрүүгийн хуульд ялтай байдлын талаар заасан заалт нь: Хүндэвтэр гэмт хэрэгт ял шийтгүүлсэн этгээд үндсэн ба нэмэлт ял эдэлж дууссанаас хойш таван жилийн дотор гэмт хэрэг шинээр үйлдээгүй бол ялгүйд тооцно гэж заасан байдаг. Энэ хугацааг барих юм бол Н.Энхбаяр дарга 2012 оны долдугаар сард шүүхээр орсон байдаг. Гэтэл энэ хугацаанаас хойш ялтай байдлын хугацааг тооцож байна. Би үүнийг буруу гэж үзсэн. Учир нь Н.Энхбаяр 2009 онд Ерөнхийлөгчийн албан тушаалаас буусан юм. АТГ-аас хилс хэрэгт гүтгэхдээ 2009 онд хашиж байсан Ерөнхийлөгчийн албан тушаалаа ашигласан гэж үзсэн. Иймд 263.2 гэдэг зүйл ангиар ял оноосон. Өршөөл үзүүлэх тухай хууль 2009 онд гарсан. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3-р зүйлд 2009 оны зургаадугаар сарын 24-нөөс өмнө гэмт хэрэг үйлдсэн этгээд энэ хуульд хамаарна гэж заасан. Ингэхдээ хорихоос өөр хөнгөн төрлийн ял шийтгүүлсэн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн болон анх удаа ял шийтгүүлсэн этгээдийг өршөөнө гэж заасан байгаа юм. Энэ заалт нь Н.Энхбаярт хамаатай заалт юм. 2009 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Өршөөл үзүүлэх тухай хуулийг санаачлахдаа хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн бол хэрэг мөрдөх шатанд, мөрдөн байцаах шатанд, шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд тус бүрд нь хэрэгсэхгүй болгоно гээд заачихсан. Тэгхээр Н.Энхбаярыг мөрдөн байцаах шатанд хэрэгсэхгүй болгох ёстой байсан. Анхан шатны шүүхээс энэ хэргийн ял шийтгэлийг өршөөлийн хуульд хамруулчихсан. Дараа нь 2013 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Уучлал үзүүлэх зарлиг гаргахдаа эдлээгүй үлдсэн бүх ял шийтгэлийг уучилсугай гээд дахиад уучилчихсан юм. Үнэхээр ялтайд тооцох хугацаа нь дуусаагүй гэж үзээд байгаа юм бол дөнгөж саяхан анхны ардчилсан сонгууль болж, байнгын үйл ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойгоор Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталсан. Энэ хуульд 2015 оны долдугаар сарын 2-нээс өмнөх бүх цаг хугацааг хамаарч байна. Хэрэв ялтай тооцох хугацаа дуусаагүй гэж үзээд байгаа юм бол шинэ өршөөлийн хуульд хамрагдчихсан юм шүү дээ. Мөн 2015 онд батлагдсан Эрүүгийн хуульд зааснаар ялтайд тооцох хугацаа нь хүний эрхийг зөрчиж, эрх зүйн байдлыг дордуулж байна гэж үзсэн учраас Эрүүгийн хуулиас аваад хаячихсан. Энэ хүнийг ялтай байдалд тооцох ямар ч эрх зүйн харилцаа байхгүй” хэмээн тайлбарлалаа. 

Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна