Сурах бичгүүдэд шашны нөлөө ороогүй гэв

2016 оны 3 сарын 15

Бага, дунд сургуулийн сурах бичгийг зохиодог эрдэмтэд, ерөнхий боловсролын сургууль /ЕБС/-ийн багш нарын төлөөлөл сүүлийн үед яригдаад буй Монгол хэл, Уран зохиолын сургалтын чанар, сурах бичгийн агуулгын талаар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэд ЕБС-ийн хичээлийн агуулгад мүүний шашны нөлөө орсон гэх мэдээллийг үгүйсгэж, аль ч оронд бага дунд боловсролын сургалтын хөтөлбөрийг шинэчлэх үйл явц байнга өрнөж байдаг. Сүүлийн жилүүдэд Монгол Улс бага, дунд боловсролын салбарт чанарын шинэчлэл, тэр дундаа хүүхэд бүрийг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж байна. Цаашид ч энэхүү хүүхэд бүрийг хөгжүүлэх хөтөлбөрийг тасалдалгүй явуулах шаардлагатай гэж мэдэгдлээ. Монгол хэлний сурах бичиг, сургалтын хөтөлбөрийг боловсруулах багийнхан орчин цагт хэрэглээний хэл зүйг заах нь чухал гэж үзжээ. Ингэхдээ эх дээр суурилж хэл, бичгийн хичээлийг явуулах шинэчлэлийг 2005 онд боловсруулж, сургалтын хөтөлбөртөө шингээсэн байна.  Эх дээр ажиллана гэдэг бол эхийг уншиж нарийн задлал хийнэ гэсэн үг. Хүүхдүүд эх дээр задлан шинжилгээ хийгээд дараа нь өөрөө зохиож бичих, түүнийгээ ярих, хүнд ойлгуулж сурах нь хамгийн чухал гэж МУИС-ийн профессор, ШУ-ны доктор М.Базаррагчаа тайлбарлалаа. Харин боловсролын шинэчлэлийн үе шат бүрт эх хэлний боловсролын агуулга, мөн чанар руу заавар өгдөг ямар ч Засгийн газар байгаагүй. Тийм учраас эх хэлний боловсролын агуулгад алдаа гарсан байвал боловсруулсан багийнхны алдаа дутагдал болохоос биш дээрээс өгсөн заавар биш гэж Ц.Өнөрбаян багш мэдэгдсэн юм.

Юуны тухай илтгэл бэлтгэх вэ? Сонгоорой гэсэн сошиал ертөнцөөр зураг нь цацагдсан V ангийн Монгол хэлний хичээлийн нэгэн даалгаврын зураг олон нийтэд хардлага төрүүлсэн юм. Даалгаврын сонголтод Чингис хаан, Богд хаан, Д.Сүхбаатар, Д.Нацагдорж, С.Зориг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл гэсэн  нэрс байсан юм. Тэгвэл тус номын зохиолч ардчилсан намын хүн биш. Ямар нэгэн санаа зорилго агуулаагүй, хэн нэгэн хүний талаар илтгэл тавих ёстой гээд жишээ болгож тавьсан болохоос биш энэ хүмүүсийг онцлоогүй гэж багш нарын төлөөл ярилаа. Гэхдээ дээрх үйлдэл номын зохиогчдод том сургамж болсон байна.

Цахим сүлжээнд тархсан элдэв зурагтай номууд нь н.Наранбаатар гэдэг хүний гаргасан гарын авлага, брошурууд байжээ. Томчуудад зориулсан юмыг нь өнгө будгаар будчихаар хүүхдийнх гэж андуураад явчихсан байсан гэж багш нарын төлөөлөл тайлбарлалаа. Тэд мөн аливаа сурах бичгийг зохиогоод шууд хэрэглэчихдэггүй бөгөөд маш олон шат дамжлага дамжиж, хянагддаг гэдгийг тодотголоо.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Ц.АРИУНБОЛД

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна