Төв аймгийн тусгай хэрэгцээний газарт зөвшөөрөл олгохгүй

2016 оны 3 сарын 15

Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийн 1200 га газарт Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт өрнөж байна. Шинэ нисэх буудлын орчимд дагуул хот, түүний дэд бүтцийг төлөвлөх шаардлагатай болсноос Засгийн газрын 2010 оны 140 дүгээр тогтоолоор 12084.9 га газрыг тусгай хэрэгцээнд авсан.

Тусгай хэрэгцээнд авсан талбай нь байрлалын хувьд хойд хэсгээрээ уулархаг бүсийг хамарч, нисэх буудлын урд хэсгээр дуусаж байгаа нь тэгш, ашигтай талбайг бүрэн хамраагүй тул ирээдүйн төлөвлөлтийг тооцон газрыг нөөцлөх, холимог тээврийн ложистик төв, Богдхан төмөр замын төсөл зэрэг харилцан уялдаатай хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд газрын асуудлаар маргаан үүсэх магадлалтай болжээ.

Иймд Хөшигийн хөндийн 12084.9 газрын солбилцлын цэгийг өөрчилж, улсын тусгай хэрэгцээнд авсан талбайд газар өмчлүүлэх, эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг Төв аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна. Улсын тусгай хэрэгцээнд авсан газартай давхацсан иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж, өмчилж байгаа газрын нөхөх олговрыг тооцож олгох ажлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу зохион байгуулахыг Барилга, хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ, Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат нарт Засгийн газрын хуралдаанаар даалгалаа.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна