Монголоор хориотой бараа тээвэрлээгүй гэв

2016 оны 3 сарын 15

Өнгөрсөн долоо хоногт гадаад, дотоодын хэвлэлүүдээр БНАСАУ-ын дипломат ажилтнууд Монгол Улсаар дамжуулан хориотой бараа бүтээгдэхүүн зөөвөрлөж байна гэх мэдээлэл тархсан билээ. Тэгвэл энэ мэдээллийг Монгол Улсын Гадаад хэргийн яамнаас үгүйсгэлээ. Хилээр орж ирж буй бараа бүтээгдэхүүн бүрийг нарийн бүртгэж, хяналттай ажилладаг учраас тийм асуудал байхгүй гэдгийг Гадаад хэргийн яамнаас мэдээлсэн юм. Мөн дипломат ажилтан гэдэг хилээр хяналтгүйгээр бараа бүтээгдэхүүн оруулах эрх ямба байдаггүй учраас ийм боломжгүй гэж тайлбарлалаа. 

Дашрамд дуулгахад, өнгөрсөн долоо хоногт гадаад дотоодын цахим хуудсаар “НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг хоригийг чангатгаж, цаг, цасны мотоцикл зэрэг 2000 ам.доллараас дээш өртөгтэй тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний импортыг хориглосон билээ. Гэтэл Хойд Солонгосын дипломатууд паспортаа ашиглан хоригт багтсан барааг  хилээр мэдэгдэлгүй оруулдаг гэнэ. Цахилгаан хэрэгслийн эд анги нь Хойд Солонгост очвол пуужин болон цөмийн бүтээгдэхүүн хийхэд ашиглагддаг аж. Хойд Солонгосын эсрэг хоригт багтсан барааг Хятадаас Монгол руу гуравдагч этгээдийн тусламжтайгаар  хил нэвтрүүлэх нь элбэг байдаг” хэмээн мэдээлсэн юм.  

Мөн Хойд Солонгосын Гадаад хэргийн сайд Монгол Улсад нууцаар айлчлаад явсан гэх мэдээлэл гарсан. Үүнийг ч Гадаад хэргийн яамнаас үгүйсгэлээ. Тухайлбал, Засгийн газрын түвшний айлчлал гэдэг нь дипломат шугамаар тохиролцож, албан ёсоор олон улсад зарладаг үйл ажиллагаа гэдгийг хэллээ.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна