Мьянмарын ерөнхийлөгч сонгогдлоо

2016 оны 3 сарын 15

 

Мьянмарын парламентад мягмар гаригт /III.15/ ерөнхийлөгчийг сонгох санал хураалт болж, Ан Сан Су Чигийн ойрын холбоотон Тин Чо ялалт байгууллаа. Өдгөө 70 настай Тин Чо хагас зууны цэргийн дэглэмийн эцэслэсэн анхны ардчилсан ерөнхийлөгч болж байна. Тэрбээр парламентын 652 гишүүний 360-ынх нь саналаар ялалт байгуулжээ. Харин армийнхны нэр дэвшүүлсэн чөлөөнд гарсан дэслэгч генерал  Мьинт Све 213 саналаар дэд ерөнхийлөгч болж байна.

 

Мьянмарын парламентын доод танхим Ан Сан Су Чигийн Ардчиллын төлөөх үндэсний лиг намын гишүүн, зөвлөх Тин Чог нэр дэвшүүлсэн бол парламентын дээд танхим Чин угсаатны төлөөлөл Хенри Ван Тиог нэр дэвшүүлжээ. Харин армийн төлөөлөл чөлөөнд гарсан дэслэгч генерал  Мьинт Свег нэр дэвшүүлсэн аж.

 

 Мьянмарт өнгөрсөн арваннэгдүгээр сард болсон парламентын сонгуульд Ан Сан Су Чийн Ардчиллын төлөөх үндэсний лиг нам ялалт байгуулснаар парламентын хоёр танхимд олонх болж чадсан билээ. Харин Ан Сан Су Чи өөрөө Мьянмарын үндсэн хуулийн дагуу ерөнхийлөгч болох эрхгүй юм.

 

Оксфорд төгссөн Чо Тин маш даруу нэгэн бөгөөд үнэнч, шударга хүн гэж нөхөддөө хүндлэгддэг байна. Түүний эцэг зохиолч, яруу найрагч Мин Ту Вун 1990 оны сонгуулиар парламентад сонгогдож байжээ. Тин Чогийн эхнэр нь Ардчиллын төлөөх үндэсний лиг намыг үндэслэгчийн охин бөгөөд намын гишүүн юм байна. Тин Чо ирэх дөрөвдүгээр сарын 1-нд албан үүргээ хүлээн авах аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ASSOCIATED PRESS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна