Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг зарцуулах журмыг шинэчиллээ

2016 оны 3 сарын 15

Төсвийн тухай хуулиар сумдад жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажлын байр бий болгох, жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 24 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг тусгаж, тус хуулийг үндэслэн 2011 оны 134 дүгээр тогтоолоор “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журам”-ыг Засгийн газраас баталж байсан. Өнгөрсөн хугацаанд 122 тэрбум 653 сая төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг 23 181 аж ахуйн нэгж, иргэнд олгосны үр дүнд 9272 шинэ үйлдвэр байгуулагдаж, 13909 үйлдвэр өргөтгөж, 32907 шинэ ажлын байр нэмэгдэж, 20605 ажлын байр хадгалагдаж үлдсэн байна.

Засгийн газрын 2014 оны 402 дугаар тогтоолоор жижиг, дунд үйлдвэрийн асуудлыг Аж үйлдвэрийн сайдын эрхлэх ажлын хүрээнд шилжүүлсэн тул тус яам сангийн асуудлыг хариуцан ажиллаж байна. Сангийн удирдлагын тогтолцоо яам, сум гэсэн удирдлага, зохион байгуулалтын бүтэцтэй байгаа бөгөөд бодлогыг хэрэгжүүлэгч яам бүх сумдад хүрч ажиллах боломж, хөрөнгө санхүү, хүн хүч дутмаг учир хэрэгжилтэд хяналт тавих, аймгийн үйлдвэрийн хөгжлийн бодлоготой уялдуулах зорилгоор хариуцлагын босоо тогтолцоонд тулгуурлан оновчтой болгох шаардлага тулгарч байна. Цаашид жижиг, дунд үйлдвэрийг аж үйлдвэрийн нэгдсэн бодлоготой уялдуулах, үйлдвэрлэл эрхлэгчдийг чадавхижуулах, борлуулалтын  сүлжээг дэмжих, сургалт, зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх, удирдлага, зохион байгуулалтаар хангах, хариуцлагын тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай  байгаа юм. Иймд сум хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэн сайжруулах, эх үүсвэрийг жижиг, дунд үйлдвэрлэгчдэд хүртээмжтэй болгож үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх, сангийн үйл ажиллагааг тайлагнах, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох үүднээс журмыг шинэчлэн боловсруулсан байна.  

А.АЯЛГУУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна