17 мянган гаруй айлын зээл 5 хувь руу шилжинэ

2016 оны 3 сарын 16

Жилийн таван хувийн хүүтэй ипотекийн зээлийг арилжааны банкууд өчигдрөөс олгож эхэлсэн билээ. Засгийн газраас журмыг батлахдаа эхний ээлжинд гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан хэсэг, шинэ суурьшлын бүс, хотын алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн хэмжээнд баригдсан орон сууцыг жилийн 5 хувийн хүүтэй ипотекийн зээлд хамрагдах боломжийг бүрдүүлсэн юм.

Ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг хэрэгжүүлэхэд УИХ-ын оролцоо ч бас бий. Иймд бид орон сууцны таван хувийн зээлд эхний ээлжинд хэдэн иргэн хамрагдах болон 8 хувийн зээлийг 5 хувь руу хэрхэн хэрхэн шилжүүлэх талаар УИХ-ын даргын ипотек, барилгын салбар хариуцсан зөвлөх Г.Байгалмаагаас тодрууллаа. Тэрээр "Монгол Улсын ипотекийн зээл олон улсын жишигт нийцсэн сонгодог тогтолцоо руу шилжиж байна. Холбогдох байгууллагуудын гаргасан тооцооллоор 17 гаруй мянган өрхийн 645 тэрбум төгрөгийн ипотекийн зээлийн хүү 8 хувиас 5 хувьд шилжихээр байгаа. Одоогоор холбогдох мэдээллийг банкуудаас авах ажил үргэлжилж байна. Цаашид энэ мэдээлэл нэгтгэгдээд эцсийн байдлаар дүн гарна. Мөн зээлийн хэрэгжилтийн талаар иргэдийн санал хүсэлтийг 11-11 дугаарт  хүлээн авч, холбогдох байгууллагууд тус зээлийн хэрэгжилтэд  хяналт тавьж  ажиллах болно" гэлээ.  

Мөн  журамд заасан  байршилд өмнө 8 хувийн орон  сууцны зээлд хамрагдсан иргэд харилцагч банкин дээрээ очин зээлийн гэрээгээ өөрчилж 5 хувь руу шилжих боломжтой гэдгийг  онцоллоо. 

Г.ДАРЬ

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна