Арван хүүхдийн “аминд хүрсэн” улс төр

2016 оны 3 сарын 16

“Түүгээр явсан гайг үүгээр дуудна” гэгчээр Н.Энхбаярын арга эрхэнд орж эрх мэдэл өгнө гэж Ардчилсан нам өөрсдөө ам алдаагүйсэн бол эрүүл мэндийн салбар ингэтлээ доройтохгүй байлаа. Энэ салбар хариуцах эзэнгүй, “хай” гэх хүнгүй дөрвөн сар болж буй бөгөөд үүний гол буруутан нь АН өөрөө юм. Чухамдаа энэ салбараар Н.Энхбаяр удаа дараа тоглосны хариуцлагыг эцэст нь МАХН биш АН хүлээх  учиртай. Учир нь, өнөөдөр Н.Энхбаяр биш З.Энхболд эрх баригч намын дарга, энэ засгийн Ерөнхий сайд нь Ч.Сайханбилэг. Иймээс л эрүүл мэндийн салбар дахь алдаа эндэгдлийг гурван давхар дээлтэй халууцаж яваа Ц.Оюунбаатар хүлээхгүй, эрх баригч намын Ерөнхий сайд л үүрнэ.

Эрүүл мэндийн яамыг Н.Энхбаярын намд “бэлэг”-лэснээс хойш энэ салбар өөдлөөгүй гээд хэлбэл бодит үнэнээс хол зөрөхгүй биз. Н.Удвалын хувьд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байх хугацаанд Н.Энхбаяр гэгч хоригдлоос өөр хүний эрүүл мэндэд анхаарч, ажилдаа санаа тавьж байсан нь тун цөөн. Түүний албыг үргэлжүүлэн хашихаар болсон МАХН-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.

Тэгэхээр эрүүл мэндийн салбарыг удирдахаар томилогдсон МАХН-ын хоёрын хоёр сайдын хийсэн, хэлснээс харвал энэ салбар Н.Энхбаярын тоглоом төдийхөн болжээ. Түүний хүслийг гүйцээж, Шийдлийн засгийн Шадар сайдаар томилохгүй бол эрүүл мэндийн салбар эзэнтэй болно гэдэг худлаа юм байна. Эрх баригчдын гаргаж байгаа үг, үйлдэл бүхэн үүнийг нотлох мэт.

Шадар сайдын албанд шунаж, саарал ордонд хөл тавих гэсэн Н.Энхбаярын шантааж Ч.Сайханбилэгийн толгойны өвчин болоод зогсохгүй Ардчилсан намын “ангал” болоод удаж байгаа билээ. Чухам эрх баригчдын эрх мэдлийнхээ хүрээнд шийдэж чадахгүй байгаа энэ ганц асуудал эрүүл мэндийн салбарыг бүхэлд нь дампууруулаад зогсохгүй иргэдийн амьд явах эрхэнд харамсалтайгаар халдах боллоо.

Үүний тод жишээ бол улаанбурхан өвчнөөр арав гаруй хүүхэд амиа алдсан явдал. Он гарсаар гуравхан сарын дотор аль хэдийн устгагдсан өвчний нэгд тооцогдож байсан улаанбурханаар арав гаруй хүүхэд амиа алдана гэдэг Монголын эрүүл мэндийн салбар хэрхэн, яаж доройтсоны нэг жишээ биш гэж үү?.

 Сайдууд нь хоноцын сэтгэлээр хандаж, Н.Энхбаяр гэдэг хүнд өр төлөх өгөө, авааны хэрэгсэл болгон ашигласан эрүүл мэндийн салбарыг эмчлэхгүйгээр иргэдийн амьд явах баталгааг хангаж чадахгүй. Иймээс л энэ салбарыг улс төрийн тоглоом шоглоом, иргэдийн эрүүл мэндийг улстөрчдийн эрх мэдлийн золиос болгомооргүй байна

 ХӨСҮТ-ийн мэдээллээр улаан бурхан өвчний тархалт 2015 оноос идэвхжиж, өнгөрсөн онд 19 мянга гаруй хүн өвчилжээ. 2016 оны эхний хоёр сард 3236 хүн улаанбурханаар өвчилсөн байна. Өвчлөгсдийн 12 хувийг 0-8 сартай хүүхэд, 31 хувийг 10-19 нас, 31 хувийг 20-29 насны залуучууд эзэлж байна гэсэн судалгааг тус төвөөс гаргажээ. Түүнчлэн салхин цэцэг, нүдний ханиад, томуугийн дэгдэлт их байгааг эмч мэргэжилтнүүд сануулсаар. Халдварт өвчин судлалын төвд улаанбурхан, салхинцэцэгээр өвчилсөн хүүхдүүд нь багталцахаа больж, эмч сувилагч нарын тоог нэмээд ч эмнэлэг нь ачааллаа дийлэхгүйд хүрчээ. Ядахнаа ХӨСҮТ-ийн дарга нь  өчигдөрхөн ажилдаа эргэж орсон болохоор энэ бүхний хариуцлагыг хүлээхгүй нь лав. Тиймээс улаанбурхан өвчнөөр гурван сарын дотор 10 хүүхэд амь эрсдээд байгааг  үүрэг гүйцэтгэгч нэртэй Ц.Оюунбаатарын чихэнд хүргэснээс Ч.Сайханбилэгийн сонорт хүргэх нь дээр болов уу?

Эрүүл мэнд бол аль ч улс орны хувьд хамгийн чухал салбарт тооцогддог. Энэ утгаараа хамгийн шилдгүүдээр уг нь салбарыг удирдуулах ёстой. Харамсалтай нь, хамгийн хүнд салбараа Монголын төр засаг харж, ханддаггүй, хамгийн муу, мэргэжлийн бус, сонирхогчдоор удирдуулсаар ирсний балаг энэ.

Нөгөө талаасаа Н.Энхбаярыг АН-ынхан өөрсдөө эхэлж өдөөгүйсэн МАХН-ын дарга Шийдлийн засагт Шадар сайд болох санаа өвөртлөхгүй ч байсан юм билүү, хэн мэдлээ. “Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй” гээд одоо тэгээд иргэдээ хохь нь гээд Н.Энхбаярын өмнө өвдөг сөгдөөд суугаад байх уу, эрх баригчид аа?! АН засгаа хамгаалж байна гээд иргэдийнхээ эрүүл мэндээр тоглож боломгүй байлтай.

Сайдууд нь хоноцын сэтгэлээр хандаж, зөвхөн Н.Энхбаяр гэгч хүнд өр төлөх өгөө, авааны хэрэгсэл болгон ашигласан эрүүл мэндийн салбарыг эмчлэхгүйгээр иргэдийн амьд явах баталгааг хангаж чадахгүй.  Иймээс л энэ салбарыг ингээд улс төрийн тоглоом, шоглоом , иргэдийн эрүүл мэндийг улстөрчдийн эрх мэдлийн золиос болгомооргүй байна.

Арван хүүхдийн “аминд хүрсэн” улс төр ахиад хэдэн хүний аминд хүрэхийг хэлж мэдэхгүй ч сайдынхаа асуудлыг шийдэж чадахгүй суугаа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, засгаа бүрэн бүтэн болгож дөнгөхгүй байгаа эрх баригчдаас энэ бүхний хариуцлагыг нэхье. Юун төлөө засгийн эрхийг барьж байгаа  нам билээ дээ.  Ямбыг нь эдэлж буйн хувьд ялыг нь бас үүрэх юм байгаа биз дээ.

 Ж.ЭРХЭС

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна