“Шулмас шиг юмнууд зөндөө байна”

2016 оны 3 сарын 16

МАХН-ын дарга Н.Энхбаярын ялтайд тооцох хугацаа дууссан эсэх талаар МАХН-ын нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамьян хэвлэлийн бага хурал хийсэн юм. Энэ үеэр тус намд үүсээд байгаа зарим нэг асуудлыг түүнээс тодрууллаа.

-Авлигын хэрэгт холбогдсон Г.Шийлэгдамба авсан мөнгөө Н.Энхбаяр даргад өгсөн гэдгээ хэлсэн. Харин Н.Энхбаяр дарга аваагүй гэдгээ мөн л мэдэгдээд байгаа. Таны бодлоор танай намын дарга генсек хоёрын чинь хэн нь худлаа яриад байгаа юм бол?

-Г.Шийлэгдамба гэдэг хүн бол Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж байгаа Улс төрийн намын тухай хуулиар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан. Энэ хуулиар Ерөнхий нарийн бичгийн дарга намынхаа санхүүгийн эрх мэдлийг барих ёстой. Бусад бүх улс төрийн нам ч адилхан. Тэр хүн бол хүссэн хүсээгүй ажлаа хийх үүрэгтэй. Гэхдээ хуулийн дагуу ажиллах ёстой. Харин хууль зөрчиж ямар нэгэн үйлдэл гаргачихаад  эцэст нь нам руугаа чихэх ёсгүй л дээ. Өөрөө авилга авчихаад яг баригдаад, гардуулчихсан учир намдаа өгөх гэж байсан юм гэж хэлээд нэр цэвэр үлдэх гэсэн арга ядсан үйлдэл. Тэр хүн мөнгө аваад, намд хандивлах гэж байгаагаа бид нарт урьд нь хэлээгүй. Өнөөдөр харин ч хүн чанар гаргаж, журмын нөхөр минь, бүдэрсэн дээр нь түлхээд яах вэ, хөөрхий минь, эвий минь гээд байхад өөрийнхөө гэмт үйлдлийг намынхаа дарга руу чихэх гэж оролдож байна. Муу арчаагүй авилгач тэр Г.Шийдэгдамба. Түүнтэй бид нарт ярих юм байхгүй.

-Л.Цог гишүүн намын дарга надаас  нэг сая доллар нэхсэн гэж ярьсан байсан. Энэ асуудалд ямар хариулт өгөх вэ?

-Л.Цог бол арчаагүй шантаажлагч. 2012 оны сонгуулиар хэний дэмжлэгээр, яаж гарч ирсэн билээ. Энэ хүн өнөөдрийг хүртэл намынхаа үйл ажиллагааны эсрэг явсан. Бүлэг ямар шийдвэр гаргана дандаа түүний эсрэг. “Энэ байрыг намдаа ав” гэж Н.Энхбаяр даргад анх шахсан хүн Л.Цог гишүүн байхгүй юу. Үүнийг би хэвлэлийнхэн та нарт хэлчихье. “Нам байртай болох хэрэгтэй байна” гэж Л.Цог Н.Энхбаяр даргад хэлсэн. Тэрбээр миний таньдаг хүмүүс байр зарах гээд Н.Энхбаяр даргыг шахаж, зуучилсан байхгүй юу. Байраа авсны дараа нөгөө хүмүүс нь дахиад нэг сая доллар нэхээд байна гэж худлаа хэлээд хүний нэр барьсан хүн нь Л.Цог дарга өөрөө. Энэ асуудлыг манай намынхан бүгд мэднэ. Яагаад гэвэл хурал дээр намын дарга ярьж байсан юм. Тухайн үед намын дарга “Ийм асуудал болсон юм бол наад бантангаа өөрөө цэвэрлэ. Чи наад сая доллараа хандив босгоод ол л доо. Би шоронд байгаа хүн яаж наад мөнгийг чинь олох юм бэ? Эсвэл миний өмчид байдаг зүйлийг зарж байгаад наад мөнгөө өг. Та нар намайг яагаад зовоогоод байгаа юм бэ” гэж хурал дээр олон түмний нүдэн дээр хэлж байсан. Гэтэл АТГ-т хэрэг үүсгүүлээд, өөрийнхөө олж ирсэн, өөрийнхөө зуучилсан байрны асуудлаар залилангийн хэрэгт хутгаж аваад, гэрчийн мэдүүлэг өгч байгаа нь урвагч Л.Цог. Ийм хогийн юм хийхээ боль Л.Цог дарга аа. Харин ч таны насыг бодоод дуугүй байсан. Иймэрхүү урваж шарвасан, манай намыг хорлох гэж орж ирсэн шулмас шиг юмнууд зөндөө байгаа.

-Ээлжит бус чуулганы ирцийг Д.Тэрбишдагва гишүүн бүрдүүлсэн. Үүнийг Ц.Нямдорж гишүүн “Шударга ёс” эвсэл толгойгүй болсны шинж гэж манай сайтад ярилцлага өгөхдөө хэлж байсан. Үнэхээр танай намынхан Н.Энхбаяр даргад захирагдахгүй байгаа юм уу?

-Бүх асуудлыг Н.Энхбаяр даргатай холбож болохгүй. Бид ээлжит бус чуулганд орохгүй шалтгаан нь ҮХЦ-д хууль бусаар халдаж болохгүй гэж үзэж байсантай холбоотой. Ядаж нэг байгууллага нь хууль бус улс төрийн явууллагад өртөхгүй, өөрийн байр суурийг баримталдаг байгаасай гэж үзсэн. Бид зөв байр суурь баримталсан гэж бодож байгаа. Д.Тэрбишдагва дарга андуураад орсон юм уу яасан юм тэрийг бол сайн мэдэхгүй байна. Толгойгүй болсон гэж үзэж болохгүй. МАХН-ыг хорлох гэж орж ирсэн хоёр муу урвагчийн гай. Түүнээс энэ нам бүхэлдээ тийм биш.

Т.ДАВААНЯМ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна