“Нүүрсгүйгээр амьдар”

2016 оны 3 сарын 16

Хятадын агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрч байгаа тул тус улсын Засгийн газар агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээний хүрээнд гурван жилийн хугацаанд шинээр нүүрсний хайгуул хийхийг хориглохын сацуу, нүүрсний импортыг ч бууруулахаар арга хэмжээ авч эхэлсэн байна.

Байгаль экологийн асуудлаас болоод нүүрсний хэрэглээгээ хумих талаар дэлхийн улс орнууд тодорхой арга хэмжээ авч эхлээд байна. Нүүрсний эрэлт цаашид буурч, үнэ нь төдийлөн өсөхгүй гэсэн прогнозыг олон улсын банк санхүүгийн шинжээчид хийж байгаа юм.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Парист болсон уур амьсгалын өөрчлөлт сэдэвт бага хурлаар нүүрсний хэрэглээг хумих асуудлыг хэлэлцэж, дэлхийн нүүрсний том олборлогч болох “Пибоди” гэхэд л занарын хий рүү хошуурч байна.

Улс орнуудын хувьд нүүрсний хэрэглээгээ аль болох хумих, хямд эх үүсвэртэй эрчим хүчний үйлдвэрлэлд хамаг мөнгөө цацах болжээ. Тухайлбал, Монголын нүүрсний ганц худалдан авагч Хятад гэхэд импортын хэрэглээгээ багасгах зорилт тавьснаар өнгөрсөн онд тус улсын нүүрсний импорт 30 хувиар буурч 204 сая тоннд хүрсэнийг Гаалийн ерөнхий газраас нь мэдээлжээ. 

Синьхуа агентлагийн мэдээлснээр 2016 онд Хятад нүүрс олборлодог мянган уурхайгаа хааж, ирэх онд эрчим хүчнийхээ хэрэглээний 21 хувийг салхи (20 ГВт) болон нарны эрчим хүчнээс (15ГВт) гаргаж авахаар төлөвлөж байгаа тухай тус улсын хэвлэлээр бичиж байна. 

  Монголчууд биднийг нүүрсээ зарахгүй хэмээн хав дараад суух зуур өөрсдөө ч хэрэглэж чадалгүй, энэ эрдэс баялаг маань эрэлт хэрэгцээгүй хог болох цаг улам л ойртожбайна. Учир нь, дэлхийн олон орон “Нүүрсгүйгээр амьдрах”-ыг уриалсаар. Харин монгол хар нүүрсээ харамлаж байгаад хоосон хоноход хүрэх вий дээ

Тус улсын Гаалийн ерөнхий газрынх нь мэдээлснээр нүүрсний импорт хоёрдугаар сард 11 хувиар буурч, 13.5 сая тонн болж, импортын нүүрсний үнэ жилийн өмнөхөөс 36 хувиар хямдарсан үзүүлэлтэй гарсан байна. Нүүрсний мангас гэгддэг Хятадын нүүрсний импорт буурсан нь Өмнөд Хятадын цахилгаан станцуудын үйлдвэрлэл буурсантай холбоотой аж. Хятад нүүрс, гангын салбарын илүүдлийг арилгах хүрээнд үйлдвэрүүдийг хааж, нэг сая ажлын байрыг цомхотгох шийдвэр гаргасан бөгөөд энэ бол Монголын хувьд таагүй мэдээллийн нэг.

Өөрөөр хэлбэл, энэ бүхэн газрын доороо 150 тэрбум нүүрсний нөөцтэй Монголд муугаар тусах дамжиггүй. Хэрэв дэлхий үнэхээр нүүрсгүйгээр амьдрах болбол нүүрсээ эдийн засгийн эргэлтэд оруулж мөнгөтэй болох Монголын зорилго “будаа”. 

Хэдийгээр нүүрсний экспортын дэмжих цогц бодлогыг Уул уурхайн яамнаас хэрэгжүүлж байгаагаа зарлаж, нүүрс экспортлогч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжих үүднээс “Гадаадын зах зээлд борлуулсан нүүрсний татварыг гэрээний үнээс тооцож авахаар болсон ч хоёрдугаар сарын байдлаар 1.2 сая тонн нүүрсийг экспортод гаргажээ. Дэлхийн зах зээлээс гурав дахин бага үнээр нүүрсээ зарж байгааг “Монгол нүүрс ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Т.Наран хэлж байна.

Нүүрсээрээ мөнгө олох нь бүү хэл төмөр замынхаа асуудлыг шийдэж чадахгүй монголчуудыг хэрэлдэж суух хойгуур дэлхий нүүрсний хэрэглээгээ улам бүр хумисаар.

Нөгөө талаар агаарын бохирдлоороо Улаанбаатар дэлхийд аман хүзүүддэг. Дэлхийн улс орнуудад тулгарч байгаа энэ асуудал Улаанбаатарын хамгийн том “бэрхшээл” болсон. Тиймээс монголчууд ч нүүрснээс эрчим хүч гаргаж авдаг үйлдвэрлэлээ бууруулж, эрчим хүчний хямд эх үүсвэр, экологид ээлтэй эрчим хүч гаргаж авахад анхаарах цаг болсон бус уу.

Монголчууд биднийг нүүрсээ зарахгүй хэмээн хав дараад суух зуур өөрсдөө ч хэрэглэж чадалгүй, энэ эрдэс баялаг маань эрэлт хэрэгцээгүй хог болох цаг улам л ойртож байна. Учир нь, дэлхийн олон орон “Нүүрсгүйгээр амьдрах”-ыг уриалсаар л байна. Харин монгол  хар нүүрсээ харамлаж байгаад хоосон хоноход хүрэх вий дээ.

Б.ХОНГОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна