104 зээлийг 5 хувьд шилжүүлж 81 зээл олголоо

2016 оны 3 сарын 16

Ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг арилжааны банкууд өчигдрөөс хэрэгжүүлж эхэлсэн билээ. Засгийн газраас гаргасан журмын дагуу эхний ээлжинд гэр хороололын дахин төлөвлөлтийн болон шинэ суурьшлын бүс, хотын алслагдсан гурван дүүрэг, 21 аймгийн хэмжээнд жилийн 5 хувийн хүүтэй орон сууцны зээлд хамрагдах боломжийг бүрдүүлсэн юм. Төрийн банк дээрх журмын шаардлага хангасан 1894 өрхийн 67.3 тэрбум төгрөгийн зээлийг таван хувь руу шилжүүлэх тооцоо гаргажээ. Үүнээс өчигдрийн байдлаар 104 зээлдэгчийн дөрвөн тэрбум 272 сая төгрөгийн зээлийг таван хувьд шилжүүлсэн байна.

Мөн төв банкны мэдээгээр өчигдрийн байдлаар шинээр орон сууц худалдан авахыг хүссэн 698 иргэнд 43.1 тэрбум төгрөгийн 8 хувийн орон сууцны ипотекийн зээл олгохоор шийдвэрлэсэн байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хамрагдах орон сууц, Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх, нийслэлийн шинэ суурьшлын бүс, 21 аймгийн нутаг дэвсгэрт байгаа орон сууцыг худалдан авахыг хүссэн иргэдээс 5 хувийн ипотекийн зээлээр 81 иргэнд 2.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгохоор болжээ. Мөн банкууд дээрх байршилд баригдсан орон сууцны ипотекийн зээл авсан 3085 зээлдэгчийн 125.3 тэрбум төгрөгийн зээлийг 8 хувиас 5 хувийн хүүтэй  ипотекийн зээл рүү шилжүүлсэн байна.

Б.БАТ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна