Малчны зээл нь зөвхөн малчныг дэмжих зээл биш

2016 оны 3 сарын 16

МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, зөвлөх профессор Л.Оюун.

Оршил.

Манай улсын малын тоо өслөө. 2015 онд 55.9 саяд хүрлээ. Мал аж ахуйн салбарт тооны өөрчлөлт гарлаа. Одоо мал аж ахуйн үйлдвэрлэлд чанарын өөрчлөлт гаргах цаг нь болж байна. МАЛ АЖ АХУЙН ҮЙЛДВЭРЛЭЛД ЧАНАРЫН ӨӨРЧЛӨЛТ гаргахын тулд эдийн засгийн механизм хэрэглэх хэрэгтэй.   2016 оны 3-р сарын 15-наас малчдад зориулсан мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжиж олгохоор болж байгаа зээлийг судалж үзлээ. Энэхүү зээл нь жилийн 10%-ийн хүүгийн нормтой, 24 сарын хугацаатай, 5 сая төгрөг хүртлэх зээл байна. Малчдын үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор малчдын зээлийн хүү буурлаа. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зээл нь малчдын бодит орлогыг өсгөх зорилготой жинхэнэ утгаараа мал дагавал ам тослох боломжийг бүрдүүлнэ гэж тооцоолж байна.  Зээл болгон нийгэм эдийн засгийн нэг асуудлыг шийдвэрлэдэг. Жишээ нь орон сууцны зээл нь хүмүүст орлоготой байх эрмэлзлийг бий болгож ажил эрхлэлтийг дэмжиж, ажлын байрыг нэмэгдүүлдэг. Лизингийн зээл нь үндсэн хөрөнгө, тоног төхөөрөмжийг санхүүжүүлдэг учир үндэсний үйлдвэрийн хөгжлийг дэмждэг зээл байдаг. Үүнтэй адилаар малчны зээл нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх санхүүгийн хөшүүрэг болох ёстой.

Олгох гэж байгаа дээрх зээл үүргээ биелүүлж чадах нь үү? Эдийн засгийн өсөлтөд яаж нөлөө үзүүлэх талаар сонирхон “Малчдыг дэмжих, тухай” Засгийн газрын 2016 оны 90 дүгээр тогтоол, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих тухай” Засгийн газрын 2016 оны 113 дугаар тогтоол, “Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр” баталсан Засгийн газрын 2016 оны 114 дүгээр тогтоолууд, Төрийн банкнаас олгох гэж байгаа зээлийн журмуудыг судалж үзэв.  

Малчны бизнесийн зээл авахын тулд малчинд дараах шаардлага тавигдаж байна. Үүнд:

  1. Малчин данстай байх

  2. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэл төлдөг

  3. Малдаа туулга, тарилга, угаалгыг технологийн хугацаанд тогтмол хийсэн байх

Малчны хөнгөлөлттэй зээлийн зориулалт нь дараах чиглэлийг хамарч байна. Үүнд:

  • Хадлан бэлтгэл, мал аж ахуйн зориулалттай бага оврын трактор, худалдан авах.

  • Малын явуулын болон суурин хашаа, саравч, өвс тэжээлийн болон төл хүлээн авах  байр, түүний тоног төхөөрөмж, материал худалдан авах, шинэчлэх, засварлах

  • Малын эм, дотоод, гадаад шимэгчтэй тэмцэх эм, тарилга, туулга, угаалгын бодис,  ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис худалдан авах

  • Цас цэвэрлэх, бэлчээр гаргах зэрэг ган, зуд, үер,  гал гэх мэт эрсдэлийн үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж худалдан авах

  • Сайн чанарын, тухайн бүс нутгийн малын үржлийн хөтөлбөрт заагдсан сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч мал худалдан авах

  • Гүн өрөмдлөгийн болон гар худаг гаргах, цас борооны ус тогтоох, шинээр бэлчээр ашиглах арга хэмжээг санхүүжүүлэх

  • Малын тэжээл тариалах, худалдан авах

  • Мал аж ахуйн зориулалттай цахилгааны эх үүсвэр бий болгох, тоног төхөөрөмж худалдан авах

  • Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах бага, дунд оврын тоног төхөөрөмж, эрүүл ахуйн шаардлага хангах хөргөлтийн болон агуулах сав худалдан авах

  • Экспортод чиглэсэн мал, мах, түүхий эдийн бэлтгэлийн сүлжээг дэмжих байдлаар нэмүү өртөг шингэсэн малын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тогтолцоог хөгжүүлэх

  • Шинээр өвөлжөө, хаваржаа байгуулах, худалдан авах, сум суурингаас алслагдсан бэлчээрийг ашиглан бэлчээрийн даацыг зохистой ашиглах замаар үйлдвэрлэлээ өргөжүүлэх

Ийм нөхцөл, зориулалт, шаардлагтайгаар малчны зээл олгосноор гарах үр дагавар, ач холбогдлыг ихээхэн өргөн хүрээнд авч үзэх нь зүйтэй юм гэсэн дүгнэлтэд хүрч энэ талаарх үзэл бодлоо хуваалцаж байна. 

Нэг. Мал аж ахуйн салбар хөгжүүлэх.  Тус зээлийн зориулалт нь малчны хэрэглээг хангахад биш, үйлдвэрлэл хөгжүүлэхэд чиглэгдэж байна.

Хоёр: Малчны бизнес хөгжсөнөөр мал аж ахуйд хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж хэрэгцээнээсээ илүү гарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж мал аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нөхцөл бүрдэхээр байна. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих дэд хөтөлбөр нь малчдын орлого, мал аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, малын гаралтай бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх нөхцөлийг хангах, дэвшилтэд технологи нэвтрүүлэн экспорт чиглэсэн мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бараа үйлдвэрлэхэд чиглэгдэж байгаа нь мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. 

Гурав. Хөдөө орон нутгийн бизнес дэмжигдэхээр хотоос хөдөө рүү чиглэх хүн амын шилжих хөдөлгөөн нэмэгдэх байх. Хотын бөглөрөө, утаанаас эхлээд асуудлууд шийдвэрлэгдэж эхэлнэ. Тэгээд ч зам, холбоо, интернет зэрэг дэд бүтцийн асуудал сайжирч байгаа нь хүн амын шилжилт бодитой гаргах нөхцөл бүрэлдэж байгаа билээ.    

Дөрөв. Банкнуудын хоорондох өрсөлдөөний үр дүнд ерөнхийдөө хүүний норм буурах хандлага бий болохоор харагдаж байна.

Тав. Малчны зээлийн хүү буурснаар мал аж ахуй эрсдэл буурна. Шинээр өвөлжөө, хаваржаа байгуулах, худалдан авах, сум суурингаас алслагдсан бэлчээрийг ашиглан бэлчээрийн даацыг зохистой ашиглах замаар үйлдвэрлэлээ өргөжүүлэхэд малчны зээлийн нэг зориулалт чиглэгдэж байгаа учир мал аж ахуйн баз сайжрах нь байна. Энэ нь мал аж ахуйд үзүүлэх байгалийн нөлөөлөлд тэр бүр орохгүй, дархлаатай болоход шууд нөлөө үзүүлнэ. Өмнө нь мал аж ахуйн салбарыг эрсдэлтэй гэж үзэж хүүний өндөр төвшинтэй (29.5%-30.0%) зээл өгдөг байсан. Үнэндээ ч манай нүүдлийн мал аж ахуй нь байгалийн шууд нөлөөл дор явагддаг эрсдэлтэй салбар л даа. Мал аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжсэнээр эрсдэлийг нь бууруулах арга хэмжээ болох юм. Өвөлжөө, хаваржааны хашаа шинээр барих, засварлах, хадлан, тэжээл бэлтгэх жижиг оврын техник худалдан авахад зээл зориулагдсанаар мал аж ахуйн үйлдвэрлэл явуулах таатай орчин, техникийн бааз бүрдэнэ.  Энэ нь мал аж ахуйн үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулах юм.

Зургаа. Малчныг дэмжих зээлийн зориулалт нь дараах чиглэлтэй байгаа тул эдгээрийг хангах дараах чиглэлийн үндэсний үйлдвэрүүд хөгжих эрэлт үүснэ. Эцэст нь энэ бүгдийн үр дүнд  мал аж ахуй хөгжсөнөөр эдийн засгийг “солонгоруулах”-д дэмжлэг болохоор байна.

Малчны зээлийн зориулалтыг хангах үндэсний үйлдвэрийн эрэлт

Малчныг дэмжих зээлийн зориулалт

Үүсэж буй эрэлт

Хадлан бэлтгэл, мал аж ахуйн зориулалттай бага оврын трактор, худалдан авах

Хадлан бэлтгэл, мал аж ахуйн зориулалттай бага оврын трактор угсрах, үйлдвэрлэх

Малын явуулын болон суурин хашаа, саравч, өвс тэжээлийн болон төл хүлээн авах байр, түүний тоног төхөөрөмж, материал худалдан авах, шинэчлэх, засварлах

Малын явуулын болон суурин хашаа, саравч, өвс тэжээлийн болон төл хүлээн авах байрны тоног төхөөрөмж, материал үйлдвэрлэх

Малын эм, дотоод, гадаад шимэгчтэй тэмцэх эм, тарилга, туулга, угаалгын бодис, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис худалдан авах

Малын эм, дотоод, гадаад шимэгчтэй тэмцэх эм, тарилга, туулга, угаалгын бодис, ариутгал, халдваргүйжүүлэлтийн бодис үйлдвэрлэх

Цас цэвэрлэх, бэлчээр гаргах зэрэг ган, зуд, үер,  гал гэх мэт эрсдэлийн үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж худалдан авах

Цас цэвэрлэх, бэлчээр гаргах зэрэг ган, зуд, үер,  гал гэх мэт эрсдэлийн үед хэрэглэх техник, тоног төхөөрөмж үйлдвэрлэх

Сайн чанарын, тухайн бүс нутгийн малын үржлийн хөтөлбөрт заагдсан сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч мал худалдан авах

Сайн чанарын, тухайн бүс нутгийн малын үржлийн хөтөлбөрт заагдсан сайн чанарын хээлтүүлэгч, хээлтэгч мал өсгөх

Гүн өрөмдлөгийн болон гар худаг гаргах, цас борооны ус тогтоох, шинээр бэлчээр ашиглах арга хэмжээг санхүүжүүлэх

 

Мал аж ахуйн зориулалттай цахилгаан эх үүсвэр бий болгох, тоног төхөөрөмж худалдан авах

Мал аж ахуйн зориулалттай цахилгаан эх үүсвэр бий болгох, тоног төхөөрөмж үйлдвэрлэх

Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах бага, дунд оврын тоног төхөөрөмж, эрүүл ахуйн шаардлага хангах хөргөлтийн болон агуулах сав худалдан авах

Мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулах бага, дунд оврын тоног төхөөрөмж, эрүүл ахуйн шаардлага хангах хөргөлтийн болон агуулах сав үйлдвэрлэх Экспортод чиглэсэн мал, мах, түүхий эдийн бэлтгэлийн сүлжээг дэмжих байдлаар нэмүү өртөг шингэсэн малын түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн тогтолцоог хөгжүүлэх

Хүснэгтээс харахад жижиг оврын техник, тоног төхөөрөмжийн үйлдвэр болон боловсруулах үйлдвэрүүд хөгжвөл худалдан авагч нь малчид байхаар харагдаж байна. 

Өнгөрсөн хугацаанд хөдөө аж ахуй тэр дотроо мал аж ахуйн салбар нь манай эдийн засгийн өсөлтийг “хар аяндаа” хангаж ирсэн. Уул уурхай, барилгын салбар уналтад орох үед  хөдөө аж ахуй тэр дотроо мал аж ахуй л эдийн засгийн өсөлтийг хангаж ирлээ.   

Долоо. Мал аж ахуйн хөдөлмөр хөнгөвчлөгдөнө. Дэвшилтэд технологи, инноваци нэвтрүүлэх замаар малчны хөдөлмөрийн бүтээмж, орлогыг өсгөхөд зээл зориулагдана гэж төлөвлөгдөж байна. Нүүдлийн мал аж ахуйн онцлогоо хадгалан түүнийг эрхлэх орчин, нөхцөлийг хялбаршуулах нь хөгжлийн орчин үеийн шаардлагад нийцнэ. Юу гэх гээд байна вэ гэхээр алийн болгон гар аргаар үйлдвэрлэл явуулах вэ? гэсэн үг. Наад зах нь малчид тус зээлийг авснаар ноос, ноолуур бэлтгэхэд зориулагдсан бага оврын техниктэй болж, арьс ширний анхан шатны боловсруулалтыг шинжлэх ухааны аргаар хийдэг болох боломжтой болно. Энэ гар хөдөлмөрийг хөнгөвчилж, хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэх болно.

Найм. Даатгалын салбар хөгжих шаардлага урган гарч байна. Зээлийн эрсдэлийг зээлдэгч өөрөө хариуцдаг учир даатгалд хамрагдаж сурах болно. Даатгалын байгууллагууд малчдын эрсдэлийг судлан түүнийг бууруулахад зориулж бүтээгдэхүүн гаргах болно. Зээлдэгчийг амь насны даатгал болон барьцаа хөрөнгийн даатгалд хамрагдуулах хэрэгцээ аяндаа гарч ирнэ. Малын индексжүүлсэн даатгал шиг даатгалын үйлчилгээнүүд аяндаа гарах болно. Малчдын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг зээл авсан өдрөөс эхлэн төлж эхэлнэ. Төлж байсан бол давуу тал эдлэхээр байгаа нь даатгалын салбарын хөгжлийг түргэсгэх болно. Давуу эрх эдлэхийн тулд малчид нийгмийн даатгалд өргөнөөр хамрагдах зураг харагдаж байна.   

Ес. Зээл авахын тулд Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээллээ оруулах шаардлага малчдад тавигдаж байна. Малчин сүүлийн мал тооллогоор өөрийн нэр дээр малаа тоолуулж А дансаар баталгаажуулсан, Монгол банкны зээлийн мэдээллийн санд мэдээлэл нь орсон байх гэдэг шаардлага тавигдаж байгаа нь зээлийн эрсдэлийг бууруулахад хүргэхээс гадна малчдын зээлийн түүх бий болж, санхүүгийн харилцааны нэг гол элемент болох мэдээлэл, түүний дата бүрдэх сайн тал ажиглагдаж байна. Мөн малчдын зээлийн түүх бий болсноор зээлийн эрсдэлийг үнэлэхэд чухал ач холбогдолтой болно.

Арав. 2013 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн зээлийн батлан даалтын сан малчны зээлийг батлан даах хувилбаруудыг гарган ажиллаж хөгжих боломж гарч ирлээ.

Арван нэг. Далд эдийн засгийг бууруулахад хувь нэмэр болохоор байна. “Малчин данс”-тай байж, борлуулалтын орлогоо дансаар хүлээн авч мөн данснаас зээл авч зээлийн хүүний төлбөрийг гүйцэтгэх нь далд эдийн засгийг бууруулах болно. Мөн харилцах дансны хуулга (малчин дансны хуулга) бол зээл эргээд төлнө гэдэг том баталгаа байдаг учир малчид  бүхий л төлбөр тооцоогоо дансаараа дамжуулан хийж хэвших болно. 

Арван хоёр. Малчдын санхүүгийн боловсрол дээшилнэ.

  • Малчид зээл авахдаа бүрдүүлэх материал дотор зээлийг зориулалтын дагуу ашиглана гэдгээ батлахын тулд бэлтгэн нийлүүлэгч болон худалдан авагчтай гэрээ хийж сурна. Зээл олгоход хардаг нэг чухал үзүүлэлт бол зээлдэгчийн үйлдвэрлэл тасралтгүй явагдах эсэхийг тодорхойлдог талуудын хооронд хийгдсэн гэрээг үндэслэдэг тул малчид гэрээ хэлэлцээрээр дамжин санхүүгийн харилцаанд суралцана.     

  • Хямд авсан зээлийг зориулалтын бус аргаар ашигласан тохиолдолд бусад зээлийн хүүгээр бодох нөхцөл рүү шилжүүлэх учир малчид санхүүгийн сахилга баттай болж суралцана

  • Зээл авах, төлөхөд зарлага, орлогоо нарийн бүртгэх, тооцоо хийх шаардлага гарах учир тооцоололд суралцана.

Арван гурав. Мал эмнэлгийн шинжлэх ухаан  хөгжинө. Малын эрүүл мэнд, үүлдэр угсаа, түүхий эд, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах зорилгоор малчны зээлийг авч болохоор журамлагдсан байна. Энэ журмыг мөрдснөөр малчид малаа эрүүл мэндийн үйлчилгээнд технологийн хугацаанд хамруулж сурна. Мөн бог малын хээлтүүлэгчийг тусгаарлах, тэдний тухай бүртгэлтэй болох, хээлтүүлэгчийн ашигласан жил, гарал үүслийн талаарх мэдээлэл, сүрэгт байгаа хээлтүүлэгчийн тоо  албан ёсоор бүртгэлтэй болох шаардлага гарч ирж байна. Энэ бүгд нь малчдыг эрхэлж буй бизнестээ тооцоотой ханддаг болгох юм.

Арван дөрөв. Эдийн засгийн өсөлтөд банкнуудын оролцоо нэмэгдэнэ. Малчин зээлийн санхүүжилт нь засгийн газрын хөнгөлөлттэй зээл (75%), банкны өөрийн эх үүсвэрээс 25% байхаар заасан. Малчин зээлийн Засгийн газрын эх үүсвэр бүх арилжааны банканд нээлттэй байгаа нь банкнуудын үйл ажиллагааг дэмжиж байгаа нэг хэлбэр болж байна. 

Арван тав. Мал аж ахуйн үйлдвэрлэлд үйлчилдэг үйлчилгээ хөгжих боломжтой болно.  Хөдөө аж ахуйн бирж, хоршоо болон төрийн бус байгууллага, дундын үйлдвэрүүд байгуулагдаж мал аж ахуйн бүтээгдэхүүний борлуулалтын сүлжээ, өвөлжөө, хаваржаа барих зэргийг эрхэлж, малчдын үйлдвэрлэлтэй холбоотой хийгдэх гэрээ хэлцэл хийж өгөх үйлчилгээ үзүүлдэг  байж болох юм.  

Зээлийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд дараах арга хэмжээг авах санал дэвшүүлж байна.

1. Малчдын дунд  дараах чиглэлийн бизнес аялал зохион байгуулах нь малчны үйлдвэрлэлийг дэмжих нь байх болно. Малчид үйлдвэрлэл, бизнесээ яаж явуулах чиглэлийг бизнес аялалаас олж авч болно. Үүнд:  

  • Ноолуурын үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцуулах. Ингэснээрээ ямар чанарын ноолуур бэлтгэхээ мэдэж авна.

  • Ноолуурын үйлдвэр хөгжсөнөөр ноолууран бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ.

  • Махны үйлдвэртэй танилцах. Мал эрүүл байх нь махны экспорт хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

  • Сүүний үйлдвэрлэлтэй танилцах. Сүү, сүүн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээг ойлгож үйлдвэрлэгч, бэлтгэн нийлүүлэгчийн уялдаа холбоо, сүлжээ сайжирна. 

  • Ноосон бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцах, үйлдвэрт шаардлагатай ноосны чанарыг ойлгох, шаардлагад нийцсэн ноос нийлүүлэх, тэгснээрээ экспорт нэмэгдэнэ.

  • Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэртэй танилцаж үйлдвэрт шаардлагатай арьс ширний чанарыг ойлгох, шаардлагад нийцсэн арьс шир нийлүүлэх, тэгснээрээ экспорт нэмэгдэнэ.

  • Үйлдвэрлэлийн дээрх чиглэлүүдээр эрдэмтэдтэй хамтран ажиллаж, байгаа тоног төхөөрөмжийн талаар судалгаа явуулж, холбогдох компанитай холбоо тогтоон борлуулалтыг нь дэмжих боломж гарч ирнэ. Судалгаа бол зөв шийдвэр гаргах эхлэл билээ.

Малчны бизнес хөгжсөнөөр мал аж ахуйд хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж хэрэгцээнээсээ илүү гарсан бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж мал аж ахуйн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэнэ. Экспортод зориулсан бараа үйлдвэрлэхэд түүхий эдийн чанар хангагдахгүй байх нь түгээмэл байдаг. Үүнийг даван туулахад мал аж ахуй эхлээд хөгжих хэрэгтэй байгаа юм. 

2. Малчны үйлдвэрлэлд зориулсан өдөрлөг зохиох. Малчид бие биенээсээ туршлага судлах зорилгоор аймгуудын хооронд, сумдын хооронд, улсын хэмжээнд гэх мэт төвшинд өдөрлөг зохион байгуулах хэрэгтэй. Энэ арга хэмжээний хүрээнд гадаад, дотоодын холбогдох туршлагатай танилцах бүхий л арга хэмжээ авч болмоор санагдаж байна.

3. Малчдад сургалт явуулах хэрэгцээ гарч ирж байна. Тэд зээл авахын тулд төсөл бичиж сурахаас гадна бизнесийн тухай өргөн хүрээний асуудлуудыг мэдэх хэрэгтэй болно. Мөн гэрээ хэлцэл хийж сурах сургалт байж болно. Нэмүү өртөгийн талаар ч мэдэх хэрэгтэй. Энэ бүгдийг мэдэхгүй бол малчны зээл үүргээ биелүүлж чадахгүйд хүрнэ. Малчид цаашдаа мал аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх төсөл хэрэгжүүлэхдээ төсөл бичиж зээл авах учраас төсөл бичиж сурах хэрэгтэй.

Одоо олгох гэж байгаа малчны зээлийг сайжруулахын тулд санал хэлэхийг хүсэж байна.

1. Өмнө нь барилгын салбарыг дэмжих хөтөлбөр хэрэгжиж хүү нь буурч байсан. Барилгын компаниудад жилийн 5%, орон сууц худалдан авагчдад 8%-ийн хүүний нормтой зээл өгч байсан. Үүнтэй адилаар малчны бизнесийг дэмжихийн тулд зээлийн хүүг бууруулж байна гэж ойлгож байна. Мөн малчны бизнест хэрэглэгдэх тоног төхөөрөмж зэргийн үйлдвэр эрхлэгчдийг ч дэмжих хэрэгтэй. Санхүүжилтээр дэмжихэд хүүний норм л хамгаас чухал. Иймээс эдгээр шаарлагатай үйлдвэрүүдэд хөнгөлөлтэй зээл өгөх бодлого хэрэгжүүлмээр байна.

2. Засгийн газрын бодлогыг юуны өмнө Төрийн банкаар дамжуулан хэрэгжүүлдэг. Манай Төрийн банкыг хөдөө аж ахуйн төрөлжсөн улсын банк болгож болно. Далимд хэлэхэд хөдөө аж ахуйн төрөлжсөн банкгүй орон дэлхийд бараг л манайх ганцаараа байх гэж боддог. Олон оронд хөдөө аж ахуйн банк төрөлжсөн байдлаар улсын, хоршооллын өмчийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж энэ чухал салбарыг дэмжин ажилладаг. Бидний харж байгаагаар Төрийн банкнаас “Сайн малчин” төслийг амжиллттай хэрэгжүүлсний дараа улс оронд шаардлагатай дараагийн салбарын санхүүжилтийг Төрийн банкаар хийх гэх мэтээр Засгийн газрын бодлогыг бодитоор дэмжүүлэх банк хэрэгтэй нь олон улсын туршлагаас харагдаж байна.

Олон оронд Төр өөрийн банкаараа дамжуулж бодлогоо хэрэгжүүлдэг. Хамгийн ойрын жишээ гэхэд БНХАУ-д төрийн өмчтэй бодлогын банк, БНСУ-д мөн хөгжлийн банкнууд ажиллаж засгийн газрынхаа бодлогыг хэрэгжүүлж байна.

  1. Малчдад зориулсан мал аж ахуйг хөгжүүлэх зээлийг олгохдоо бусад зээлтэй адил зээл эргэн төлөх төлөвлөгөөг нь шинжлэх хэрэгтэй болно. Энд малчдын анхааралдаа авах нэг зүйл бол зээлээр орлого бүтээх. Олсон орлогоосоо зээлээ хүүтэй хамт төлнө гэдэг тооцоог л хийх хэрэгтэй. Малчдын хувьд энэ магадгүй шинэ байж болох юм. Өмнө нь малчдын авч байсан  зээл нь  хэрэглээний зээл байсан ба үр дүнд нь малчны гэрийн гадаа машинууд, мотоцикл, сатилит антин, гэр дотор нь угаалгын машин, хөлдөөгч, хөргөгч, телевизор зэрэг бий болсон байдаг.

  2. Малчны бизнесийг дэмжих зээлээр хэрэглээний зүйлс авч болохгүй гэдгийг анхаарч, үйлдвэрлэлээ хөгжүүлэх ёстой гэдгийг сайн ойлгох хэрэгтэй юм.

Мал аж ахуйн салбар бол хүн амыг хүнсээр, аж үйлдвэрийг түүхий эдээр хангадаг салбар. Энэ салбар хөгжсөнөөр эдийн засаг бүхэлдээ хөгжих орчин бүрдэж, эдийн засгийг нийтэд нь хөгжүүлэх шаардлага ч гарч ирнэ. Мал аж ахуйн хөгжлийг өргөн утгаар нь харах ёстой юм. Эдийн засагт нэг салбар дангаараа хөгжинө гэж байхгүй. Өөр хоорондоо нарийн хэлхээ холбоотой ажилладаг. Иймээс малны зээл бол зөвхөн  малчныг дэмжих зээл бишээ.

 МУИС-ийн Бизнесийн сургуулийн доктор, зөвлөх профессор Л.Оюун.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна