Путины холын хожлын нүүдэл

2016 оны 3 сарын 16

 

“Дайн юунаас, хаанаас эхлэхийг мэдэх нь чухал. Харин яаж төгсөх нь бүр чухал” хэмээн  эртний мэргэн ухаантнуудын хэлсэн үг бий.

Сириэс Оросын агаар сансарын хүчнийг гаргахаар Путин тушаал өгсөн бөгөөд Москвагийн энэ шийдвэр нь барууны “түншүүдэд" нь гэнэтийн зүйл болсныг Цагаан ордны  “ойлгомж муутай хариу” харуулж байна. Цагаан ордноос гаргасан мэдэгдлээс харахад  АНУ, Оросын ерөнхийлөгч нар  утсаар санал солилцсоноос гадна Обама Москвагийн шийдвэрт баяр хүргэсэн талаар дурджээ. Гэхдээ Барак Обамагийн хувийн хандлага ямар байсныг уг мэдээлэлд дурдсангүй.

  Америкийн тагнуулын албаныхан Сириэс  цэргээ гаргах Оросын  бэлтгэл ажлыг  илрүүлж чадаагүй тухай  нэрээ нууцалсан цэргийн албан тушаалтнаас иш татан “Рейтер” агентлаг мэдээлсэн байна. “Гардиан” сонины дугаарт үүнийг баталж, “Путины мэдэгдэл цэргийн шинжээчдийг гэнэдүүллээ.  Оросын Сириэс цэргээ гаргах гэж байгаа тухай тэд огт мэдэрсэнгүй өнгөрлөө” хэмээн  бичсэн байна.   "Вашингтон пост"  ч үүнийг хүлээн  зөвшөөрөв.  Уг сонинд “Путины мэдэгдэл АНУ-ын засаг захиргааны хувьд гэнэтийн боллоо.  Даваа гаригт Төрийн департаментын ээлжит хэвлэлийн бага хурал дээр түүний албан ёсны төлөөлөгч Жон Кирби оросуудын мэдэгдлийн талаар анх удаагаа сонсч байна гэсэн” хэмээн тус сонины тоймч  бичжээ.

Дэлхийн хэвлэл мэдээллээр, Москвагийн шийдвэрт өгсөн янз бүрийн эсрэг тэсрэг тайлбарууд гарч байна.  Британийн “Экспресс” сонин  Оросын санаачилгыг “Исламын улсын эсрэг  дайнаа Путин зогсоолоо” хэмээн нэрлэв.  Харин “Гардиан” сонинд “Украины хэрэг явдлын дараа хэн ч Оростой  хамтрахыг хүсээгүй. Сири дэх ажиллагаа нь барууныг Оростой эвлэрүүлэх зорилготой байлаа. Яг түүгээр нь болж, одоо Орос  сөргөлдөөнөөс хамгийн бага хохиролтойгоор гарч байна. Энэ бол  гайхамшигтай тактик” гэж хэлсэн цэргийн шинжээч Александр Гольцийн үгийг иш татсан байна.

Энэ удаа Путины алхмыг Обама ахиад л   таасангүй.  Түүний шинжээчид нь “Сири дэх Путины ажиллагаа намагт живж буй мэт салахгүйгээр шаварт суулаа” гэж өмнө нь хэлж байсан юм. Гурван сарын өмнө “Сири дэх Путинд учирсан бэрхшээл Обамагийн мэргэн цэцнийг харуулж байна” гэх  утгатай нэгэн өгүүлгийг “Bloomberg” нийтлүүлсэн юм. Тэнд “Герман-АНУ” гэсэн Маршалын сангийн хөтөлбөрийн ахлах захирал Йорг Форбригийн үгнээс иш татсан байв. “Путин Сири рүү улам их хүч хаях тусмаа довтолгоонд өртөмтгий болох агаад ийм маягаар тус оронд явуулж байгаа ажиллагаа нь улам сунжрах болно” хэмээн Форбриг  өгүүлсэн байлаа.

Москвагийн зарчмын байр суурь нь Америк ба тэдний Турк, Катар, Саудыг оруулсан холбоотнуудад Сирид  дэглэмийг нь хүчээр солих бололцоог өгөөгүй юм.  Орост хориглосон “Исламын улс” бүлэг, Ассадын эсрэг “босогчид”  ялалт байгуулахаа шахаад байснаа одоо давшилтаас хамгаалалтад орон ухарч байна.

Сирид явуулсан ажиллагаа нь Оросын цэргийн хүчний хүчин чадлыг үзүүлсэн томоохон танилцуулга сурталчилгаа байлаа.  Дайсны байрлалд нарийн тусгалтай цохилтуудын Оросын Агаар, сансарын хүчний  хүсэх онгоцнуудаас гадна далайн хөлөг онгоцнуудаас Х-101 далавчит пуужин  бусад нарийн тусгалын зэвсгээр довтолгоог хийлээ. Цэргийн гол хүчээ эргүүлэн татахын зэрэгцээ, оросууд Хмеймим нисэх бааз, Тартусын тэнгисийн цэргийн баазуудад байрласан хэвээр үлдэнэ.  Ингэж тэд Барууны  улс төрийн өрсөлдөгч нартаа мөн Ойрхи Дорнодын эвлэршгүй дайснууддаа нэгэн зэргийн “ацан шалаа” хийгээд  хожлын нүүдлийг оросууд хийлээ. Өөрөөр хэлбэл, оросууд “нэг сумаар хоёр туулай буудлаа” гэж хэлж болно.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна