Энхболдуудын хүсэл ба хясал

2016 оны 3 сарын 16

УИХ-ын ээлжит сонгууль болоход гуравхан сар үлдээд байна. Энэ удаагийн сонгуульд улаан ба цэнхэрүүдийн дунд яригдаж байсан хамтдаа эвсч, нэгдэх үү, эсвэл дан, дангаараа оролцох уу гэдэг нь нэгэнтээ тодорхой болж байна.  

Парламентад суудалтай хоёр том намуудын хувиар Ардчилсан нам ИЗЗН болон МҮАН-тай, Ардын нам  МАХН-тай нэгдэж, нийлэх сонирхол байсан ч хоёр Энхийн зүгээс хоёр Энхболдод “Үгүй” гэдэг хариултыг албан бусаар өглөө. Ингэснээр  АН, МАН дангаараа харин жижиг намууд хоорондоо эвсч нэгдэх хэлбэрээр  энэ удаагийн сонгуульд оролцох дүр зураг тодорч байна.

Хэдийгээр  Ардчилсан намтай нэгдэх санамж бичигт ИЗНН-ын дарга нар гарын үсэг зурсан  ч энэ асуудлыг Их  хурлаараа эцэслэх нэрийн дор эрх баригчдын тавьсан саналаас татгалзах нь ИЗНН-ын дэд дарга Ц.Ганхуягийн байр сууринаас тодорхой болов.

Харин М.Энхсайханы хувьд  АН-ын тавьсан саналд хоёр сар гаруй чимээгүй явсны эцэст  “Хоёр намын нэгдэх асуудал боломжгүй, цаг хугацааны хувьд ч амжихгүй”-гээ илэрхийлснээр энэ асуудал эцэслэгдэж байна.  Сонгуулийн үр дүнгээ бодвол цэнхэрүүдэд ч, улаануудад ч хоорондоо эвсч, нэгдэх  нь илүү ашигтай. Гэвч хоёр Энхболдын тавьсан саналд хоёр Энх татгалзсан хариу өгсөн шалтгаан нь нөгөөх л эрх мэдлийн хуваарилалт.

Ердөө арваадхан хоногийн өмнө “Эх орончдын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэж, эвсч нэгдэхэд буруудахгүй гэсэн үгийг индэр дээрээс хэлж, М.Энхболдтой хөөрөг зөрүүлж явсан Н.Энхбаяр яагаад бодлоо өөрчилсний цаад шалтгаан нь  ирэх сонгуулийн дараах эрх мэдлийн хуваарилалттай холбоотой гэдэг нь тодорч байна. МАН,МАХН эвсч нэгдээд ялсан тохиолдолд эрх мэдлээ 60:40 хувийн харьцаатайгаар хуваах Н.Энхбаярын саналыг МАН мангар биш бол юу гэж хүлээж авах вэ дээ.

Тэгвэл М.Энхсайханы хувьд АН-ын тавьсан саналыг “бүдүүлэг”-т тооцож байгаа бөгөөд "Намаа татан буулгачихаад АН-д нэгдэх"-ийг санал болгосон АН-ын дарга З.Энхболдын захидалд өгсөн хариулт нь “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай нэгдэж “Их эвсэл” байгуулах болсноо зарласан явдал.  Өөрөөр хэлбэл, нэгэн цагт дарга цэрэг байсан З.Энхболд, М.Энхсайханы хувьд Тавантолгойн гэрээнээс болж таарч тохирохоо болиод удаж байгаа билээ. Тэр утгаараа юу үнэн гэвэл  хонь, чоно хоёр нэг хотонд хамт амьдарч чадахгүй нь үнэн.    Чухам иймээс л М.Энхсайхан “Эрэл”-ийн Б.Эрдэнэбаттай ирэх зургадугаар сарын 29-нд болох сонгуульд  их эвсэл байгуулж оролцохоор тохироо хийж байгаа нь илт.

 Энэ бүх өрнөлөөс харахад Сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар баталлаа ч АН, МАН-ын аль нэг нь олонх болж чадахгүй  л болов уу? Харамсалтай нь, аль нэг нам олонх болоогүйн зовлонг өнгөрсөн дөрвөн жил Монголын ард түмэн мах, цусаараа мэдэрсэн. Гэвч нийгэм дэх рейнтинг, ард түмнээс өгч байгааг үнэлгээг нь харвал АН, МАН-ын аль нь ч олонх болох боломж хомс.  Гэхдээ жижиг намуудаас нэгдсэн “Их эвсэл”-ийг тэд үл тоож болохгүй.  Их эвсэл нэрийн дор гуравдагчид нэгдвэл АН, МАН-ын аль алинд нь том өрсөлдөгчид бий болно гэсэн үг. Их эсвэл ялалт байгуулахгүй ч ямар ч байсан АН,МАН-ын саналаас  зулгаах нь тодорхой.  Тэгэхээр энэ удаагийн сонгууль ерөнхийдөө задгай болох дүр зураг харагдаж байна.

Өнгөрсөн 2012 оны сонгуулиар Н.Энхбаяр, М.Энхсайхан нар  эвсч, нэгдэн  “Шударга ёс” эвслийг байгуулж чамгүй амжилт гаргасан ч энэ удаагийн сонгуульд энэ эвслээ хадгалан орох боломжгүй нь хаана, хаана ойлгомжтой болжээ.  Үүнийгээ ч МҮАН-ын дарга цахим хуудсаараа дамжуулан “Удахгүй болох сонгуульд “Шударга ёс” эвслийг энэ хэлбэрээр нь хадгалан оролцох боломжгүй гэж үзэж байгаа”-гаа илэрхийлсэн билээ.

Түүний байр сууриас харвал  АН,МАН, МАХН-аас бусад намуудтай эвсч, хамтрахад бэлэн байгаа бололтой. М.Энхсайхан болон “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын эвсэл дээр ИЗНН нэгдвэл бас чиг дажгүй амжилт үзүүлэх магадлал өндөр. Учир нь өнгөрсөн дөрвөн жил АН, МАН-ын рейтинг адилхан унасан.  Өөрсдийнхөө толгой дээрх тэмээгээ олж харахгүй байгаа болохоос үнэндээ Монголын ард түмэн МАНАН-гаас аль хэзээний залхчихсан шүү дээ.

АН-ыг унагаж л  байвал Ардын намынхан шуламтай ч нэгдэхэд бэлэн гэдгээ аль дээрээс илэрхийлэх болсон билээ. Тиймээс Н.Энхбаярыг өнгөрсөн оноос эхлэн тойглож гүйсэн ч эцсийн эцэст Н.Энхбаяр тэдний сарьсан хоншоор руу нь харин сайтар няслаад өгөх шив дээ.  ИЗНН-ыг өөртөө нэгтгэнэ хэмээн ам бардам байсан АН-ын ам руугаа алгадуулаад зогсохгүй шалдан гуяа тэврээд хоцорч байна.  

МАХН-ын хувьд ИЗНН эргүүлдэж, энэ хандлагаа эртнээс илэрхийлсэн. З.Баянсэлэнгээр ИЗЗН-ын парламентад суугаа хоёр гишүүнд  дамжуулсан "Манай бүлгийн хуралд сууж болно" гэх үгийг МАН-ынхан онцолж үзээгүй л болохоос Н.Энхбаярын хувьд МАН-тай нийгдэх сонирхол огтоос байхгүй байсан болов уу. Харин ч АН-аас хэрэв түүнд  эвсч нэгдэх санал тавьсан бол Н.Энхбаяр илүү өөрөөр, өргөнөөр хүлээж авах байсан ч байж магадгүй. Н.Алтанхуягийг АН-ын дарга байхад арван жил хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж л явсан хүн шүү дээ.

 АН-тай санамж бичиг байгуулсан ч, яг "хаачих"-аа мэдэхгүй байгаа ИЗЗН-ын хувьд  ХҮН/Хөдөлмөрийн үндэсний нам/-тай эвсэх хэлбэрээр сонгуульд өрсөлдөж магадгүй байна. Ингэж хардах үндэслэл нь л ХҮН-ын Их хурлын өмнө ИЗНН-ын дэд дарга Ц.Ганхуяг “илгээмж” илгээсэн явдал. Хэрэв ИЗНН, ХҮН-тэй нэгдлээ гэхэд энэхүү холбоосыг үгүйсгэх аргагүй, хослон тоглоход ч боломжийн хувилбар.

Энэ бүх өрнөлөөс харахад Сонгуулийн хуулийг өөрсдөдөө ашигтайгаар баталлаа ч АН, МАН-ын аль нэг нь олонх болж чадахгүй  л болов уу? Харамсалтай нь, аль нэг нам олонх болоогүйн зовлонг өнгөрсөн дөрвөн жил Монголын ард түмэн мах, цусаараа мэдэрсэн. Хэдий тийм ч нийгэм дэх рейнтинг, ард түмнээс өгч байгааг үнэлгээг нь харвал АН, МАН-ын аль нь ч олонх болох боломж харагдахгүй байна.  Гэхдээ жижиг намуудаас нэгдсэн “Их эвсэл”-ийг тэд үл тоож болохгүй.  Их эвсэл нэрийн дор гуравдагчид нэгдсэн тохиолдолд АН, МАН-ын аль алинд нь том өрсөлдөгчид бий болно гэсэн үг. М.Энхсайханы босгох "Их эсвэл" ялалт байгуулахгүй ч ямар ч байсан АН,МАН-ын саналаас багагүй  зулгаах болов уу.  Энэ бүгдээс үзвэл энэ удаагийн сонгууль ерөнхийдөө задгай болох өнгө төрхтэй байна.

Ялалтдаа хэт эрт эрдсэн АН, МАН аль аль нь  харин “Их санасан газар есөн шөнө хоосон хонох" болох вий дээ.

Ж.НЯМСҮРЭН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна