Х.Баттулгыг хууль бусаар шалгаж байна гэв

2016 оны 3 сарын 16

УИХ-ын гишүүн Х.Баттулгыг “Шинэ төмөр зам” төслийн  55 тэрбум төгрөгийг угаасан хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Уг асуудлаар Х.Баттулга гишүүний өмгөөлөгч Д.Пүрэвбаатар  өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийж, “Шинэ төмөр зам” төслийн асуудлаар АТГ-т хүсэлт хүргүүлснээ хэллээ.

Тэрбээр, АТГ-т хүргүүлсэн хүсэлтдээ УИХ-ын гишүүн Х.Баттулгыг тус гэмт хэрэгт холбогдолгүй болохыг нь нотлох, эрх зүйн байдлыг нь дээрдүүлэхтэй холбоотой зарим нотлох баримтыг хавсралтаар багтаажээ. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн хугацаанд уг хэрэгтэй холбоотой нотлох баримтуудыг цуглуулсан бөгөөд үүн дээр үндэслэн Х.Баттулгыг шалгах хэрэг нь хууль бус явагдаж буйг илэрхийлэх хэд, хэдэн үндэслэлийг олж мэдсэн гэв.

Өмгөөлөгч Д.Пүрэвбаатар энэ талаар “Хэргийг шалгаад тав дахь сартайгаа золгож буй ч хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаа бүрхэг, ямар түвшиндээ явж буй нь тодорхой бус байсан. Тиймээс би энэ баримтуудыг цуглуулсан” гэлээ.

Түүний тайлбарлаж байгаагаар 2013 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр ажлын хэсгийн дүгнэлт гарахдаа төслийн хэрэгжилтэд  93,6 тэрбум төгрөг шаардлагатай гэж дүгнэлт гаргасан тул энэ хөрөнгийг шилжүүлсэн. Гэтэл 38 тэрбум төгрөг л "Энержи Ресурс Рэйл" компани зарцуулсан байдаг. Үлдсэн 55 тэрбум төгрөгийн ажил одоо хүртэл байхгүй.   Үүнээс үзвэл 55 тэрбумыг “Энержи Ресурс Рэйл” компани нь авсан болж таарч байгаа аж. Гэтэл тус компанийн авсан мөнгийг Х.Баттулга “идсэн” мэтээр ярьж байна хэмээн өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэллээ.

Энэ хэрэг дээр хуулийн байгууллага ажиллаад Л.Оюунбат үнийн дүнг нэмэгдүүлж, Засгийн газрыг залилсан байх магадлалтай тул шалгах хэрэгтэй гэсэн шийдвэр гаргасан. Гэтэл Р.Чингис тэргүүтэй цагдаагийн удирдлагууд ямар аргаар тэр хүнийг сулласан нь мэдэгдэхгүй байна. Тиймээс энэ хэрэгт цагдаагийнхан оролцсон гэж үзэж байна. Цагдаагийн ерөнхий газрын дарга, Тэргүүн комиссар Р.Чингисийг албан ажлаа өгөөд,  өөр хүн томилж шалгуулахыг хүсч байна гэлээ.

"Энержи Ресурс Рэйл" компанийн өнөөгийн байдал тун хүнд байна. Тус компанийн авсан зээлийн хугацаа нь дуусах гээд байгаа болохоор баримт материал бүрдүүлэхгүйгээр яаж ийгээд улсаас мөнгө авчих санаатай байгаа.  Үүнд нь саад болсон  хүмүүс бол Х.Баттулга, Б.Батзаяа, А.Гансүх, Ч.Ганбат нар юм. Эдгээр хүмүүсийг эхний ээлжинд “далд хийчих юм бол” мөнгөө олж авахад саад учрахгүй гэсэн утгаар асуудалд хандаж байгаа нь хэнд ч ойлгогдохоор байна.

Энэ Р.Чингис гэдэг хүн 2000 оноос хойш "MCS"-ээс салсангүй. Энэ асуудал нэг ангийн хүүхдийн гурвалжин холбоо болоод Л.Оюунбат гэдэг хүн өөрсдийнхөө гүйцэтгэсэн ажлын өртөгийг онц их хэмжээгээр нэмэгдүүлж, улсыг залилсан нөхцөл байдал үүсээд байна. Энэ булайгаа дарахын тулд 40 орчим сая төгрөг УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нар тус бүр Зам тээврийн сайдын албыг хашиж байхдаа нэр бүхий хүмүүстэй нийлж өөрийнхөө дансанд шилжүүлээд авчихсан  гэдэг яриаг гаргасан.

Энэ яриаг  гаргасан Л.Оюунбаттай Р.Чингис дарга хуйвалдаж  түүнийг сулласан гэдгийг заавал дуулгамаар байгаа учраас өнөөдрийн хэвлэлийн хурлыг хийх болсон гэж УИХ-ын гишүүн Х.Баттулгын өмгөөлөгч Д.Пүрэвбаатар хэллээ.

Өмгөөлөгч Д.Пүрэвбаатарын цуглуулсан УИХ-ын гишүүн Х.Баттулгын хэрэгтэй холбоотой баримтуудад хийсэн дүгнэлтийг сэтгүүлчдэд дэлгэсэн юм.   Мөн Х.Баттулгатай холбоотой бусад мөнгөний асуудлаар  мэдээлэл авах гэсэн боловч өмгөөлөгч Д.Пүрэвбаатар "Х.Баттулгатай холбоотой өөр асуудлаар яриа өгөхгүй" гэв.

                                                                     Т.ДАВААНЯМ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна