Хүү нь солонгос цуврал үзсэнээс эцэг нь шийтгэл хүлээжээ

2016 оны 3 сарын 16

Хойд Солонгосын улс төрийн товчооны дарга Чой Рюн Хэгийн ууган хүүгээсээ болж шийтгэл хүлээжээ. Чой Рюн Хэ хүүгээ Өмнөд Солонгосын олон ангит кино үзэж байсныг өөрийн амаар удирдагч Ким Чен Унд хэлсэн гэнэ. Тэрбээр хүүгээ зөв сургаж чадаагүй тул албан тушаалаасаа огцорч, шийтгэл оноохыг удирдагчаасаа хүсчээ. Хойд Солонгост БНСУ-ын олон ангит кино, хөгжөөнт нэвтрүүлгийг үзэхийг хориглосон байдаг аж.

Ким Чен Ун хүргэн ахыгаа цаазалснаас хойш Чой Рюн Хэ Хойд Солонгосын хоёр дахь том албан тушаалтан болсон байв. Гэвч тэрбээр өнгөрсөн арваннэгдүгээр сарын 8-аас хойш олон нийтэд харагдаагүй юм. Мөн тэрбээр Хойд Солонгосын Ардын армийн маршал Ри Ул Солийн оршуулгад оролцоогүй аж.

Өмнө нь Өмнөд Солонгосын тагнуулын албанаас Чой Рюн Хэг Пэкту уулан дахь цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажлыг чанаргүй гүйцэтгэсэн гэх хэргээр албан тушаалаасаа огцорсон хэмээн мэдээлж байв. Гэтэл үнэн шалтгаан нь гэр бүлийн шалтгаантай байсан аж.

Чой Рюн Хэ албан тушаалаасаа огцорсныхоо дараа Пхеньяны ойролцоох фермд хүүтэйгээ хамт хар ажил хийж шийтгэл хүлээсэн байна. Үүгээрээ тэрбээр Ким Чен Унд үнэнч гэдгээ харуулж, хүүгээ ч хамгаалж чадсан аж. Шийтгэлээ дуусгаад Чой Рюн Хэ удирдагчаа дагалдан цэргийн сургуулилтын арга хэмжээнд оролцож харагдсан байна. Энэ үеэрээ тэрбээр бага зэрэг доголж алхаж байжээ.

Чой Рюн Хэгийн хоёр дахь хүү Чо Сун нь Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны охин дүү Ким Ё Жонтой өнгөрсөн онд гэр бүл болсон аж. Эх сурвалж: Yonhap, UPI

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна