Машины татварыг жилээр нь авна

2016 оны 3 сарын 16

Нийгмийн сүлжээгээр нийтийг хамарсан нэгэн хэлэлцүүлэг явж байгаа нь автомашины татвараа бүтнээр нь төлөхөөс татгалзах тухай юм. Автомашины татварыг 365 хоногоор тооцож авдаг, гэтэл бид 52 хоногт нь машинаа унадаггүй гэж иргэд шүүмжилж буй. Дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлснээс хойш нийслэлийн иргэд долоо хоногтоо нэг өдөр машинаа унах  эрхгүй болсон.  Үүнтэй холбоотойгоор автомашины татварыг машин унаагүй 52 өдрөө хасуулан тооцож өгч болох уу гэдгийг бид албаны хүнээс тодруулан асуулаа. Гааль, татварын ерөнхий газрын Олон нийттэй харилцах хэлтсийн улсын байгцаагч Н.Галбадрах бидний асуултад ийн хариулж байна.  

-Нийгмийн сүлжээнийхний хөндөн тавьж байгаачлан автомашины татварыг хоногийн тоогоор нь багасгаж тооцох боломж бий юү?

- Автомашин болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар /АТӨЯХАТ/ бол хөрөнгийн татвар байдаг. Үл хөдлөх хөрөнгийн татвартай нэгэн адил гэсэн үг. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг эзэмшсэнийх нь төлөө ногдуулж байгаа татвар болохоор эзэн нь машинаа унасан эсэхээс үл хамааран бүтэн жилээр тооцож авдаг татвар. Тиймээс хөрөнгийн татварыг жилдээ нэг удаа бүтэн жилээр тооцон төлөх ёстой.

-Иргэдийн хувьд долоо хоногтоо нэг удаа дугаарын хязгаарлалтад орж зам ашиглаагүй тул татварыг хасах ёстой гэж үзэж байна л даа. Автомашины татварын хэмжээ хэд байгаа бол?

-Зам ашигласны төлбөр хураамж гэдэг АТӨЯХАТ-аас ялгаатай зүйл. Үүнийг ялгаж салгаж ойлгох нь зөв юм. АТӨЯХАТ-ын тухайд  тээврийн хэрэгслийнхээ төрлөөс шалтгаалж, өөр өөр татвар төлдөг. Хоёр дугуйтай мотоцикл эзэмшигч жилд 2500 төгрөг, гурван дугуйтай мотоциклийн эзэн 4000 төгрөгийн татварыг жилд нэг удаа төлж байгаа. Харин суудлын автомашины тухайд хөдөлгүүрийн багтаамжаар нь тооцож татвар ногдуулдаг. 2001 см3 хүртэл  цилиндрийн багтаамжтай машин унадаг бол см3 тутамдаа 24 төгрөгөөр бодож татвар төлнө. 2001-3001 см3 хүртэл 27 төгрөг, 3001 см3 болон түүнээс дээш бол 33 төгрөгөөр үржүүлэн татвар ногдуулдаг номтой. 15 хүртэл суудалтай микроавтобусны эзэд жилд 50 мянган төгрөг, том оврын автобусанд жилд 62400 төгрөгийн татвар төлж байгаа. Харин ачааны машины хувьд даацаас нь хамаараад 30-720 мянган төгрөгийн татвар ногдуулж байгаа.

-Иргэд автомашины татвараас гадна хичнээн төрлийн татвар өгч байгаа вэ?

-Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх машинаас автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас гадна  агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хураадаг. Агаарын бохирдлын төлбөрийг бензин болон дизель хөдөлгүүртэй гэж хоёр ангилан үздэг. Бензин хөдөлгүүртэй автомашинаас ялгарч буй нүүрсхүчлийн хий буюу СО2-ын хэмжээг тогтоож байж төлөх төлбөрийг гаргадаг. Жилдээ авах төлбөрийн хэмжээ 1800-9500 төгрөгт хэлбэлзэж байдаг.  Дизель хөдөлгүүрийнхэн ч ялгаагүй, жилийн 1800-9500 төгрөг л төлдөг.

Зам ашигласны төлбөрийн хувьд таксиныхан жилд 30 мянган төгрөг төлдөг. Суудлын автомашины цилиндрийн багтаамжаас шалтгаалан 20-40 мянган төгрөг, ачааны машинууд даацаас шалтгаалан 40-70 мянган төгрөгийг жилдээ нэг удаа өгдөг.

-Энэ бүх татвар, төлбөрийг жилд нэг удаа үзлэгт орох үедээ өгнө биз дээ?

-Автын үзлэгт орох үедээ жилд нэг удаа төлнө.

-Шинээр автомашин худалдан авсан тохиолдолд бүтэн жилээр татвар төлөхгүй юү?

-Иргэн хэдэн сард автомашинаа худалдаж авснаас шалтгаалаад татвараа төлнө. Машингүй байсан хугацаагаа хасуулж тооцно гэсэн үг. Харин дараагийн жилээс бүтнээр төлөх учиртай гэсэн хариултыг өгч байна.

Дугаарын хязгаарлалт бол зөвхөн Улаанбаатар хотод үйлчилж байгаа. 2012 оноос эхлэн автомашиныг улсын дугаарын сүүлийн оронгоор ялгамжлан замын хөдөлгөөнд оруулах журам гарснаас хойш замын түгжрэл мэдэгдэхүйц багассаныг үгүйсгэх хүн үгүй болов уу. Урьд нь нэг жолооч өдөрт дунджаар нэг цаг түгжрэлд зогсдог  байсан гэсэн тооцоо бий. Үүнийг ажлын найман цагаар тооцон бодвол жолооч нар 45 өдрийг түгжрэлд өнгөрөөдөг байжээ. Дундаж хөдөлгүүрийн багтаамжтай суудлын машин нэг цаг түгжрэлд зогсоход багадаа 0,8 литр бензин зарцуулдаг гэж жолооч нар гомдоллож байжээ. Өнөөдөр энэ бүхэн ард үлдсэн.  Магад та бид харамлаад байгаа 52 хоногийн татвараа урьд нь түгжрэлд зогсоод л алддаг байсан хэрэг шүү дээ.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна