“Иргэний боловсрол”-ыг хүүхдүүд судлах дуртай

2016 оны 3 сарын 16

Ерөнхий боловсролын сургуулиудын түүх, нийгмийн ухаан, иргэний боловсролын хичээлийн багш нар, сургалтын хөтөлбөрийн багийн эрдэмтэд өнөөдөр “Монгол Ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал хийлээ. 

МУБИС-ийн их сургуулийн профессор н.Түмэндэлгэр хэвлэлийн бага хурлын эхэнд нийгмийн ухааны сургалтын хөтөлбөрийн онцлогийн талаар мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр  “Сургалтын хөтөлбөрийн шинэчлэл байнга явагддаг. Энэ удаагийн сургалтын хөтөлбөрийн шинэчлэлийн үйл ажиллагаа 2012 оноос эхэлсэн. 

Миний бие нийгмийн ухааны хөтөлбөр ямар зорилготой, ямар онцлогтой, ямар шинэчлэл хийгдсэн бэ гэдэг талаар мэдээлэл хүргэе. Нийгмийн ухааны хичээлийн хөтөлбөрт хүүхдийн сурах арга барилыг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулсан.

Нийгмийн ухаан хичээл шинжлэн судлах арга барилыг эзэмшсэн, тохиолдол шинжлэх асуудал шийдвэрлэх чадвартай, биеэ даасан, олон ургальч үзэлтэй, ялгаатай эх сурвалжуудаас мэдээлэл цуглуулж, түүн дээрээ өөрийн гэсэн үнэлэлт өгдөг, түүнээсээ шинээр мэдлэг бий болгож чадах сурагч, бие хүнийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа гэж үзэж болно гэв

Дээрээс нь нийгмийн ухааны боловсролын дараагийн чухал онцлог нь тухайн нийгэмдээ хэрэгтэй байгаа эерэг үнэт зүйлсийг гишүүддээ төлөвшүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэр талаасаа бол яалт ч үгүй хүнлэг, энэрэнгүй, ардчилсан нийгмийн гол үнэт зүйлст чиглэсэн, энэ үнэт зүйлсийг хүүхдэд төлөвшүүлэх талаас сургалтын үйл ажиллагаа явагдаж байна” гэв. 

Сэтгүүлчдийн зүгээс сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр цацагдаад буй Мүүний шашны нөлөө боловсролын хөтөлбөрт шингэсэн, шингэх боломжтой эсэхийг тодруулсан юм. Мөн Иргэний боловсролын хичээлийн цаг, агуулгын талаар багш нар тайлбар хийлээ. 

Энэ талаар Боловсролын Хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан У.Туяа “Бидний зүгээс хэлэхэд тийм боломж ердөө байхгүй. Өнөөдөр бидний өгч буй мэдээллийн зорилго бол анхан шатны эх сурвалжаас мэдээлэл өгөх. 

Та бүхэн ч гэсэн аливаа юмыг шинжлэн судлах хэрэгтэй. Олон нийтийн сүлжээнд тавигдсан номнууд сургалтын хөтөлбөрт огт ашиглагддаггүй” гэсэн юм. 


ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ ХИЧЭЭЛИЙН ТАЛААР БАГА АНГИЙН БАГШ ЮУ ХЭЛЭВ?

Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуулийн 1е ангийн багш Б.Ганцэцэг “Иргэний боловсрол хичээлээр багш нар хүүхдээ сонсдог. Мөн хүүхдүүд ярих чадварт суралцаж, өөрийгөө нээж чаддаг юм.

Багш нар бидэнд сурагчдаа илүү их сонсох цагийг бидэнд энэ хичээл олгож байгаа. Энэ хичээлийг зааж байгаадаа багш хүний хувьд, эх хүний хувьд баяртай байдаг. Яагаад гэхээр өөрчлөлт нь нүдэнд харагддаг юм. Зургаан настай хүүхдүүд есдүгээр сарын 1-нд бага зэргийн айдастай хичээлдээ ирдэг. Тэгвэл энэ хичээл орсноор хүүхдүүд өөрийгөө зөвөөр нээж байгаа нь мэдэгдээд байгаа. Ярих чадварт нь ч өөрчлөлт гардаг. 

Багш нарын хувьд өмнө нь математик гээд яваад байснаас биш төлөвшилд нь анхаардаггүй байсан. Тэгвэл энэ хичээл хүүхдэд төлөвшил өгдөг.  Та бүхэн хичээл дээр сууж үзэж болно.  Иргэний боловсролын хичээлийн ном багш, эцэг эх, сурагч гээд хэнд ч ойлгомжтой, ямар ч хүн ухаарлыг авахаар байдаг.

Хамгийн гол нь Иргэний боловсролын хичээл дээр багш нар хүүхдүүдээ сонсохын гайхамшгийг мэдэрдэг. Тиймдээ ч энэ хичээлийг багш нар орох дуртай, хүүхдүүд ч судлах дуртай" гэсэн юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна