Г.Эрдэнэбат: Зөрчил ч гэмт хэрэг

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Г.Эрдэнэбат: Зөрчил ч гэмт хэрэг

Хууль сахиулах үйл ажиллагаа, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журам, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, зөрчлийн харьяалал, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын эрх зүйн байдлыг боловсронгуй болгох, нарийвчлан зохицуулах, зөрчил шалган шийдвэрлэхтэй холбоотой хуульчлагдаагүй зарим харилцааг хуульчлах хэрэгцээ, шаардлагын хүрээнд Засгийн газар Хууль сахиулах тухай хуулийн төсөл өргөн мэдүүлснийг УИХ өнгөрсөн хоёрдугаар сард хэлэлцэн дэмжиж, Хууль зүйн байнгын хороонд шилжүүлсэн байдаг юм. Уг хуулийн төслийг хаврын чуулганаар батлах чиг барьж буй бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам хамтран өнөөдөр холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулсан хэлэлцүүлэг зохион байгуулж, санал бодлыг нь сонсч, мөн эргэлзээ дагуулсан заалтад холбогдох хариулт өглөө. Энэ нь төслийн ойлгомжгүй буюу оновчгүй хэрэглэсэн томъёог залруулах, Үндсэн хууль болон олон улсын гэрээ конвенцид нийцүүлэхэд чиглэсэн юм.

Хэлэлцүүлгийн үеэр Хууль сахиулах тухай хуулийн төслийн 1.2.5-д Дипломат эрх ямба дархан эрх эдэлж байгаа гадаадын иргэн өөрөө хүссэн, эсвэл зөвшөөрсөн бол түүнд холбогдуулан зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болно хэмээн заасан аж. Энэ нь Дипломат харилцааны тухай венийн конвенциор тодруулбал, 61.2-оор ийм эрхгүй байдаг учраас дипломат эрх ямба дархан эрх эдэлж байгаа хүмүүстэй холбоотой зөрчлийн хэргийг шийдэх бол холбогдох олон улсын гэрээний дагуу шийдвэрлэх нь илүү оновчтой байна гэсэн саналыг Гадаад хэргийн яамны холбогдох албан тушаалтан гаргасан юм.

Мөн Монголбанкны Хууль эрх зүйн газрын ажилтан н.Энхтөр: Прокурор Монголбанкны хянан шалгагчийн илрүүлж тогтоосон торгуулийг өөртөө хянах, торгуулийн хэмжээг бууруулах гэдэг ч юм уу тусгай эрхтэй байхаар ойлгогдох заалт төсөлд туссан байсан. Хоёрт, хянан шалгагчийн үйл ажиллагаа тухайн банкны харилцагч, тухайн банктай холбоотой мэдээллийг авах бол прокурорын зөвшөөрлийг авахаар ойлгогдоод байсан. Эдгээр нь Банкны хяналт шалгалтыг хэрэгжүүлдэг олон улсын стандарт, зүйл заалттай нийцэхгүй байгаа. Гуравдугаарт, аль нэг банкны үйл ажиллагаа доройтож санхүүгийн үзүүлэлт нь буурч, хадгаламж эзэмшигчийг айдаст автуулах, системийн шинжтэй эрсдэл бий болгох бол төв банкны зүгээс зохих арга хэмжээг авдаг. Хяналт шалгалтын чиг үүрэг нь эрсдэлд суурилдаг. Бизнесийн байгууллагатай харилцдаг, тоглоомын дүрэм нь Банкны тухай хуульдаа заагдсан. Гэтэл банкны зөрчил рүү прокурор оролцоод хянагдаад явдаг байх юм бол хөрөнгө оруулагчийг татах талд сөрөг үр дагавар дагуулах вий гэдэг болгоомжлол байна.

Нөгөө талдаа банкны хяналт шалгалттай холбоотой актыг Захиргааны хэргийн шүүхээр амжилттай шийдэж ирсэн. Төсөлд Эрүүгийн шүүхээр шийдэх болж байна. Тогтсон шүүхийн систем байхад өөрчлөх нь таагүй зүйл рүү хөтлөх вий гэдэг болгоомжлол байгаа. Энэ асуудлуудад Монголбанкны зүгээс санал өгсөн, өөрчлөгдөх үү?  

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Ойлголтын зөрүү нэлээн байна. Эрдэнэбаяр захирал энэ тухай ажлын хэсэг дээр нэлээн ярьсан. Монголбанкны хууль тогтоомж болон захиргааны үйл ажиллагаа ийшээ орж ирэхгүй, ялгаатай. Захиргааны шүүхээрээ явна, хяналт шалгалт нь өөрийн зохицуулсан хуулиараа хийгдэнэ.

Монголбанк бол хууль сахиулах үйл ажиллагаанд хамаарахгүй. Монголбанкны дотор байгаа терроризм, мөнгө угаах гээд бүтэц бий. Тэр доторх зарим нэг үйл ажиллагаа нь яах аргагүй гэмт хэрэгтэй тэмцэх, хууль сахиулах үйл ажиллагааны нэг хэсэг. Гадны орнуудын хувьд манай Монголбанкны дэргэд байгаа бүтэц хууль сахиулах байгууллагад байдаг. Манайх бол илүү иргэний байдлаар банкийг айдаст автуулахгүйн тулд Монголбанкиндаа байх нь зохимжтой гэж үзсэн. Тэнд байгаа процесс шүүхэд нотолгоо болж очино, Гэмт хэргийн чанартай зүйл нь гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг рүү очино, тэнд юм бий. Зөрчлийн хуулин дээр бичигдсэн бүх зөрчил Эрүүгийн шүүх дээр очино гэсэн үг биш. Татварын ч юм бий, аль хэсэг нь Захиргааны шүүх рүү, аль хэсэг нь Эрүүгийн шүүх рүү явах вэ гэдэг дээр хил хязгаар гаргаж байгаа.

Хууль сахиулах тухай энэ хуульд төрийн хяналт шалгалтын тухай нэг ч процесс орж ирэхгүй. Тусдаа хуулиар явна.  Хүч хэрэглэж,албадан хэрэглэх арга хэмжээ,  галт зэвсэг, тусгай хэрэгсэл, хууль сахиулах байгууллага, зөрчил шийдвэрлэх процесс дотроос явж байгаа зарим нэг нотлох баримтууд шууд эрүүгийн журмаар гэмт хэргийн нотлох баримт болж явдаг. Тэр процессууд нэг журамтай, нэг стандарттай болоход зориулагдаж байгаа.

Жишээ нь, автомашинтай явж байхад замын цагдаа зогсоогоод торгууль тавьж байна. Хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчлөө гэж. Тэр торгуультай холбоотой маргаан нь Захиргааны шүүх рүү очихгүй. Банк, татварын маргаан Эрүүгийн шүүх рүү очихгүй, Захиргааны шүүх рүү очино. Цаашдаа татварын дагнасан шүүхтэй болчихвол тийшээ явах байх. Ойлголтын зөрүүгээ арилгахгүй бол банкуудыг цочроох, гадны хөрөнгө оруулагчийг болгоомжлуулах мэдээлэл цацагдах эрсдэлтэй.

Прокурор: хууль сахиулах үед тодорхой ажиллагааны тухай гомдол гаргавал ямар зүг гарах вэ гэдэг л асуудал.

Улсын ерөнхий прокурорын орлогч Г.Эрдэнэбат: Энэ хуульд банкны хянан шалгах үйл ажиллагааг хөндөөгүй. Олон улсын стандарт нь төв банкинд нь гомдол гаргадаг юм гэж хамаагүй ярьж болохгүй. Энд нэг албан тушаалтан хүний эрхэнд халдлаа гэвэл яах вэ. Хөрөнгийг нь царцаадаг, битүүмжилдгээс эхлээд хэрэггүй гэвэл өөрөөр явуулж болох байлгүй. Тэнд хэрвээ хүний эрхэнд халдсан үйл ажиллагаа явж байгаа бол хуулийн этгээдийн эрх ашиг хөндсөн гомдол аль зүг рүү гардаг юм. Энийгээ эхэлж шийдэх ёстой. Монгол Улсад өнөөдөр маш олон иргэн “Төрийн албан хаагч эрх зөрчлөө, дураараа юм хийлээ, хууль гэж байна уу” гээд гомдол гаргая гэхэд гомдох газаргүй шүү. Гомдох газрыг нь гаргах гэж ямар зүг байна вэ гээд прокурор гэж хууль санаачлагчид үзсэн юм билээ. Улс, улсын жишиг ийм л байдаг. Зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаанд прокурор хяналт тавина гэхээр прокурор хэтэрхий эрх мэдэлтэй болох нь гэж ойлгоод байна. Зөрчил гэдэг гэмт хэрэг. Бид л нүдээ аниад харахгүй удчихсан болохоос биш. Хумсалсаар хумсалсаар хулгайч болдог. Тэгэхээр хянах ёстой юмаа хянах гээд байгаа юм. санхүүгийн хяналт шалгалтын үйл ажиллагаанд огт хамаагүй шүү. 

 

Замын цагдаагийн газрын хурандаа н.Зоригтбаатар: 2015 оны байдлаар улсын хэмжээнд 1.5 сая орчим зөрчлийг замын цагдаагийнхан илрүүлсэн байдаг. Энэнээс 1.1 сая орчим зөрчлийг хялбаршуулсан байдлаар шийдсэн. Гэтэл энэ хуулийн төслийн нотлох баримт гэдэгт, зөрчлийг нотлох үүрэг гэдэгтээ эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ гэж заажээ. Үүнд санаа зовж байна. Гудамжинд ажиллаж байгаа замын цагдаагийн албан хаагч нар Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиараа бэлэн бус торгуулийн шийдвэрийн цаасыг нь бичээд өгч байгаа. Эгнээ байр буруу эзэлсэн, цагаан шугам давсан, даруулга бүсээ хэрэглээгүй, гэрэл дохио зөрчсөн. Энийг нь маргааш нотол гэхээр унах болох вий гайхаад сууж байна.

Ажлын хэсэг: н.Батзориг: Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой асуудал нэг хуулиар зохицуулагдах тохиолдолд торгууль ногдуулах албан тушаалтныг техник хэрэгслээр хангах асуудал орж ирнэ. Жишээ нь, замын цагдаа өөрөө гэрч болох тохиолдолд зөрчил гаргасан жолоочийг баримтжуулах бол ямар камер ашиглах вэ гэдэг зохион байгуулалтын шинжтэй арга хэмжээ авч таарна. Ингэхгүй бол цагаан шугам давчихлаа зөрчил гаргалаа гээд торгодог, түүнийгээ замын цагдаа дараа нь нотлох гээд бүхий л процессыг дамжина гэвэл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулж чадахгүй болох нөхцөл үүсэх учраас зохион байгуулалтын арга хэмжээ авна гэж ойлгох хэрэгтэй гэсэн тайлбар тус бүр өгсөн юм.  

Хэлэлцүүлэгт Хууль зүйн яам, Улсын дээд шүүх, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисс, Авлигатай тэмцэх газар, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Тахарын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гааль, татварын ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Монголын хуульчдын холбоо зэрэг байгууллагын холбогдох албан тушаалтнууд оролцлоо.

Г.ХОРОЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж