Дэлгүүрүүд зээлээр бараагаа өгч байна

2016 оны 3 сарын 16

Хямралын хар сүүдэр хаа сайгүй нүүрлэж байна. Эдийн засгийн хямралын хамгийн хүнд дарамтыг иргэд тэр тусмаа бизнес эрхлэгчид амсах болсон. Аж ахуйн нэгжүүд, айл өрхүүдийн орлого улам бүр хумигдсаар.  Зээлгүй ч хүн, өргүй ч байгууллага  байхгүй болжээ. Орлого нь өдрөөс өдөрт муудаж, цалингүй, ажилгүй болсон иргэд  амьжиргаагаа залгуулахын тулд үмх мах, чимх давсаа зээлээр авдаг болоод удаж буй. Аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд, дэлгүүрүүд ч зээлээр ч бараагаа өгөх чадваргүй болсныг бизнес эрхлэгчид гомдоллох болсон.

Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Хайлаастын засмал зам дагуух зургаан нэрийн хүнсний дэлгүүр орлоо. Тус дэлгүүрийн орлого хоёр жилийн өмнөөс эхлэн муудсаар он гарсаар бараагаа зээлээр өгдөг болжээ. “Цалин буухаар өгье” гээд нэрээ бичүүлж зээлээр мах, гурилаа граммаар авах явдал ихэссэн. Барьцаанд нь иргэний үнэмлэхийг нь авахаас өөр арга байдаггүй. Иргэний үнэмлэхээ барьцаад тавьж, хоногийнхоо хэрэгцээний талх, саван, мах, сүүгээ зээлдэг ч, цалин нь цагтаа буухгүй байна гэж учирлах хүмүүс ч цөөнгүй байдаг гэнэ.

Тус дэлгүүрийн ойролцоох, тэндээ гайгүй томдоо тооцогдох “Гэрлэн хайрхан” дэлгүүр өнгөрсөн жилийн өдийд өдөрт 20-30 талх асуудалгүй зардаг байсан бол одоо өдөрт таван талх ч борлогдохоо байсан гэнэ. Мөнгөгүй болсон худалдан авагчдаа өрөвдөөд бараагаа зээлүүлж болох ч эргээд мөнгөө олж авахад хэцүү. Дууссан бараагаа татаж авмаар байдаг ч бэлэн мөнгөгүй болохоороо лангуугаа хоосрохыг хараад, зээл авсан иргэдээ мөнгөө өгөхийг хүлээгээд л суудаг гэж худалдагчид үүссэн нөхцөл байдлаа учирлан тайлбарлалаа.

Ажилтай нь нэгнийх нь цалин цагтаа буудаггүй, хөгшчүүл, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд улсаас тэтгэвэр, халамжийн мөнгө авдаг ч мөн л дансанд санхүүжилт орж ирээгүй шалтгаанаар хүлээгддэг. Ахмадууд ихэнх нь өнгөрсөн цагаан сараар тэтгэврээ нэг, хоёр жилээр нь зээлээд авсан. Тэтгэврээс өөр орлогогүй болохоор хүүхдүүдийнхээ цалинг хараад суух болсноо иргэд хэллээ. Ажил хийдэг ч цалин нь амьдралд нь хүрэлцэхгүй хоолныхоо  махыг өдөр, өдөрт нь граммлаж авдаг тухайгаа ч тэд ярьсан юм. Иймээс ч дэлгүүрүүд махаа граммлаж зарах болжээ. Хайлаастын зам дагасан дэлгүүрүүдэд 1300-2500 төгрөгт багтааж, хуваасан граммын мах их байна.

“Иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүй, олсон хэдэн төгрөгөө шууд л өмнө нь тавьсан өрөндөө өгдөг болоод удлаа. Амьдрал хотын захын гэр хороололд баргар байна” гэж хошигнох иргэд ч таарч байлаа. Зах зээл дэх бэлэн мөнгө хумигдахын хэрээр, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 100-300 төгрөгөөр нэмэгдсэн гэж худалдаачдын төлөөлөл мэдээлж байлаа. Удаахгүй төлнө гэдэг үгийг сонсмооргүй байгаа ч учирлан гуйх нэгнээ өрөвдөж, зээл өгсөн хүмүүсийн амьдралын нэгээхэн хэсгийг уншигч танд хүргэлээ. Гэхдээ дэлгүүрүүд ч өөрсдөө бараагаа татаж чадахгүй хүндхэн байдалд оржээ.  Амьдрал бодит байдал дээр ийм л байна. Харин албан тасалгааны цонхоор амьдрал ямар харагдана вэ, улстөрчид өө?

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна