Баялгаа хойч үедээ хуваарилах ёстой

2016 оны 3 сарын 16

ГХЯ-наас зохион байгуулж буй “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” олон улсын семинар өнөөдөр эхэллээ. Семинарт Уул уурхайн сайд Р.Жигжид болон албаны бусад хүмүүс, Осло төвийн шинжээч Эйнар Стеенснас, Норвегийн “Петрад” компанийн төслийн менежер Клаес Рекстен болон Тимор Лесте, Киргиз зэрэг орны төлөөлөгч  оролцож, Норвегичууд баялгийн хараалд өртөлгүй баялгийн том сан байгуулсан туршлагаасаа хуваалцсан юм.

“Монгол Улс асар их нөөц баялагтай гэдгийг дуулаад үнэнийг хэлэхэд би их гайхсан.  Голланд өвчин буюу баялгийн хараал гэдэг нэр томьёог интернэтийн хайлтын системээр 25 сая хүн хайсан байсан. Баялгийн хараал гэдэг чинь валютын хямрал гэсэн үг. Ашигт малтмалаас олсон орлого улс орны эдийн засгийн хамаг хүнд ачааг нуруундаа үүрэхэд бусад салбарын экспортын чадвар буурдаг. Асар удаан хугацаанд бий болсон байгалийн баялгийг цөмийг нь  нэг, хоёр үеийнхэн эзэмшиж, идэж ууж дуусгах нь шударга бус явдал. 50, 100 жилийн дараа хойч үеийнхэн, түүний дараагийн үеийнхэнд ч бас хүртээхээр байгалийн баялгийг хуваарилах ёстой” хэмээн Норвегийн Осло төвийн шинжээч Эйнар Стеенснас “Байгалийн баялаг ашиглалтын зөв зохистой менежмент” олон улсын семинарын үеэр ярьсан юм. Гадаадын төлөөлөгчид Монгол улсын Уул уурхайн сайдаас стратегийн ордуудын талаар болон уул уурхайн олборлолтын лиценз олголт, ил тод байдлыг хэрхэн хангаж буй талаар сонирхон асууж байсан юм. Хариуд нь Уул уурхайн сайд Р.Жигжид “Ил тод байдлыг хангах сайн орчин бүрдэж байгаа. Шилэн дансны тухай хууль гарснаар төрийн албан хаагчид Авилгатай тэмцэх газарт Хөрөнгө орлогын мэдүүлгийг үнэн зөв мэдүүлдэг болсон. Тодорхой албан тушаалтны ХОМ-гийг нийтэд танилцуулдаг” гэв. Тэрбээр мөн бизнес дэх төрийн оролцоо ямар байгаа талаар хэлэлцэхэд “Монгол улсад бүх аж ахуйн нэгжүүдэд дотоод, гадаад гэхгүй ижил ханддаг. Дотоодын аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлт үзүүлдэг зүйл байхгүй. Бүгд аж ахуйн нэгжийн зарчмаар явна. Бид төрийн оролцоог аль болох багасгахыг зорьж байгаа” гэсэн юм.

Семинарын сонирхолтой илтгэлүүдийн нэг нь Норвегийн парламентын гишүүн, Газрын тос, эрчим хүчний сайдаар ажиллаж байсан Эйнар Стеенснас Норвеги улс газрын тос, байгалийн хийнээс олсон орлогоороо хэрхэн баялгийн менежментийн сайн жишээ болсон тэтгэврийн сан байгуулсан тухай илтгэл байлаа.

Норвеги улс 1990 онд Газрын тосны сангийн тухай хуулийг батлан, Газрын тосны санг үүсгэн байгуулжээ. Тухайн үед яамдууд санд оруулах хөрөнгө байхгүй гэж байв. Гэвч  газрын тосны сан дөрвөн жил хоосон байсан гэдэг. Ингээд 1996 оноос сандаа хөрөнгө оруулж эхэлжээ.

2006 оноос Норвегийн Газрын тосны сан нэрээ өөрчилж Засгийн газрын тэтгэвэрийн сан нэртэй болсон юм. Тус сан нь байгалийн нөөцөөс олсон орлогын үр өгөөжийг өнөө үеийнхэн болон хойч үедээ хүртээх зорилгоор урт хугацааны санхүүгийн хадгаламжийн (тогтворжуулалтын болон хадгаламжийн) механизм хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг. Тэтгэврийн сангийн нэг жилийн төсвийн зарцуулалтын дээд хязгаарыг дөрвөн хувиар тогтоож өгсөн ч төсвийн алдагдал дөрвөн хувиас бага байх тохиолдолд залшгүй дөрвөн хувийг зарцуулах шаардлагагүй байдаг. Зарцуулалтыг Парламентын шийдвэрийг үндэслэж хийдэг. Сан нь хэдийгээр “тэтгэвэрийн” гэсэн нэртэй боловч одоогоор сангаас тэтгэвэрийн чиглэлээр зарцуулалт хийх  зохицуулалтгүй. Одоо тус сангаар дамжуулан хувьцаа, үл хөдлөх хөрөнгийн салбарт хөрөнгө оруулдаг ч зөвхөн гадаадын компаниудад хөрөнгө оруулах зорилго тавьдаг. Энэ сан 2011 онд орлогын хэмжээгээр дэлхийн хамгийн том, хамгийн баян сан болж байв. 2016 оны нэгдүгээр сарын байдлаар тус сангийн хөрөнгө 802 тэрбум ам.долларт хүрч, хөрөнгийн хэмжээгээр дэлхийд гуравдугаарт бичигдэж байна.

Эйнар Стеенснас мөн Норвеги улс газрын тосны салбараасаа бүрэн хамааралтай учраас эдийн засгийн эрсдэл хүлээж байдгийг ярьсан юм.

“Манай улс хоёр том намтай ч газрын тосны олборлолтын тал дээр нэгдсэн саналд хүрч чадсан. Байгалийн баялгийн эзэмшигч нь хэн байх гэдэг баялгийг тэгш хуваарилах, хадгалах, хамгаалах, иргэдийнхээ амьдралыг дээшлүүлэх асуудал зайлшгүй тулгарна. Хэрвээ ингэж чадахгүй бол иргэд сэтгэл дундуур үлдэж, хагарал ч үүсч мэднэ. Байгалийн баялгийг хэрхэн хуваарилах вэ гэдэг нь маш тодорхой байх ёстой. Энэ бол зөвхөн мөнгөтэй, баян хүмүүст хамаатай асуудал биш шүү дээ. Үүний хажуугаар бид мөнгөөр худалдаж авч чадахгүй тэр зүйлээ алдаж байна уу үгүй юу гэдгээ бас анхаарах ёстой. Мөнгө их олж болох ч шунаж болохгүй. Норвегид ч бас авилга байдаг. Ил тод байдлыг хангаж чадаагүй оронд ийм үзэгдэл түгээмэл ажиглагддаг. Өөрөөр хэлбэл ард түмнээсээ хулгайлж байгаа хэрэг шүү дээ. Байгалийн баялгаас асар их мөнгө орж ирдэг ч тэр нь зөвхөн тодорхой хүрээний улстөрч, элитүүдэд зориулагдах гээд байдаг. Тиймээс иргэдийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулах нь чухал” гэсэн юм.

Осло төвийн шинжээч Эйнар Стеенснасын “Баялгийн хараал”, “Баялгийн эзэмшигч нь хэн байх вэ?” зэрэг илтгэл нь гадаад ертөнц байгалийн баялаг ихтэй, далайд гарцгүй жижиг улсыг хэрхэн харж байгааг харуулсан юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна