5 хувь тойрсон 5 банкны сурвалжлага

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

5 хувь тойрсон 5 банкны сурвалжлага

Ипотекийн таван хувийн хүүтэй зээлийг өчигдрөөс арилжааны банкнууд олгохоор болсон билээ. Өчигдрийн байдлаар 81 иргэнд 2.4 тэрбум төгрөгийн зээлийг шинээр олгосон хэмээн Монгол банкнаас мэдээллээ. Таван хувийн хүүтэй зээлийг:

  1. УБ хотын шинэ суурьшлын бүс

  2. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс

  3. Нийслэлийн алслагдсан гурван дүүрэг (Багануур, Налайх, Багахангай)

Хөдөө орон нутгийн 21 аймгийн нутаг дэвсгэрт баригдсан орон сууцаас сонгож, таван хувийн зээлд хамрагдах юм.

Тэгвэл дээрх дөрвөн байршилд найман хувийн хүүтэй зээл авсан 3085 хүний зээлийг таван хувь руу шилжүүлсэн байна. Нийтдээ 125.3 тэрбум төгрөгийн зээлийн шилжүүлэлтийг өчигдөр хийжээ. Банкнууд зээлийн мэдээллээ оройдоо Монгол банканд гаргаж өгч байгаа учраас өнөөдрийн мэдээлэл хараахан гараагүй юм байна.

Голомт банк-ны хувьд энэ сарын 15-ны өдрөөс таван хувийн хүүтэй зээлийн хүсэлтийг хүлээн авч эхэлжээ. Одоогоор тэд иргэдийн таван хувийн зээлтэй холбоотой хүсэлтийг хүлээн авч байгаа аж. Улмаар судалгаа явуулж байгаа гэлээ. Таван хувийн зээлд хамрагдахыг хүсэгчдийн хувьд гол нь нэрлэсэн таван байршилд орон сууц худалдаж авах шаардлагатай. Монгол банкнаас баталсан шинэ журмын хүрээнд орон сууцны зээлийг 20 жил байсныг 30 хүртэлх жил болгон уртасгаснаас өөрөөр нөхцөлд өөрчлөлт ороогүй гэдгийг мэдээллээ.

Төрийн банк  нийслэлийн хэмжээнд дөрвөн салбараар дамжуулан таван хувийн хүүтэй зээлд хамрагдах хүсэлт хүлээж авч байгаа аж. Харин орон нутгийн бүх салбаруудаар хүлээж авч байгаа юм байна. Төрийн банкны зүгээс журмын шаардлага хангаж, таван хувийн зээл рүү шилжүүлэх боломжтой 1894 өрх бий хэмээн тооцоолжээ. Харин өчигдрийн хувьд 104 иргэний дөрвөн тэрбум гаруй төгрөгийн зээлийг таван хувьд шилжүүлсэн байна.  

Хаан банк ч таван хувь руу шилжүүлэх ажлыг өчигдрөөс эхэлжээ. Тус банкны зүгээс найман хувийн хүүтэй зээл нь батлагдаад хүлээж байсан иргэд зээлийн шаардлага хангасан бол таван хувь руу шилжүүлж байгаа аж.

Улаанбаатар хотын банк ч мөн өчигдрөөс таван хувийн хүүтэй зээл олгох нөхцөлийг бүрдүүлжээ. Гэхдээ одоогоор хараахан таван хувийн хүүтэй зээл олгоогүй байна. Учир нь иргэдээс зээлээ таван хувь руу шилжүүлье гэсэн хүсэлт ирээгүй байгаа гэлээ. Тиймээс зээл шилжүүлэлт хийгээгүй гэв.

Худалдаа хөгжлийн банк-ны хувьд таван хувийн хүүтэй зээлийн материалыг өчигдрөөс авч эхэлжээ. Тус банкны хувьд бүх салбараар иргэдийн материалыг хүлээж авч байгаа гэлээ.

Гол нь иргэд харилцагч банк дээрээ очиж гэрээгээ шинэчлэх шаардлагатай. Монгол банкны мэдээлж буйгаар 18 мянга гаруй өрхийн ипотекийн зээлийг таван хувь руу шилжүүлэх боломжтой гэлээ. Гэхдээ гэрээ хийсэн өдрөөсөө таван хувь руу шилжих учраас иргэд ажлаа зохицуулан харилцагч банкиндаа заавал очиж гэрээгээ шинэчлэх шаардлагатай.

Иргэдийн дунд ипотекийн зээлтэй бүх иргэн хүүгээ бууруулж болно гэх ташаа ойлголт байгааг албаныхан санууллаа. Гол нь нийслэлийн шинэ суурьшлын бүс, гэр хорооллын дахин төлөвлөлтийн бүс, Багануур, Налайх, Багахангай дүүрэг, 21 аймагт баригдсан орон сууцнуудад байр авсан бол таван хувь руу шилжүүлнэ гэдгийг сануулж байна.

Мөн зарим тохиолдолд таван хувийн хүүтэй зээлд хамрагдана гэх нэрээр залилан хийхийг үгүйсгэхгүй хэмээн албаныхан санууллаа. Тиймээс иргэн та гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барьж буй таван хувийн хүүтэй зээлд хамрагдах боломжтой орон сууцны мэдээллийг ЭНД-ээс харна уу.

Б.ЗАЯА

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж