Туйванчид Сүхбаатар аймагт өрсөлдлөө

Хуучирсан мэдээ: 2016.03.16-нд нийтлэгдсэн

Туйванчид Сүхбаатар аймагт өрсөлдлөө

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын хүндийн өргөлтийн аварга шалгаруулах тэмцээн Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотноо гуравдугаар сарын 11-13-ны хооронд боллоо. Тэмцээнд “Алдар”, “Аврагч”, “Хүч”, “Хилчин” спорт холбоо болон Орхон, Дархан-Уул, Хөвсгөл, Өвөрхангай, Баян-Өлгий, Сүхбаатар аймаг зэрэг нийт 18 багийн 180 орчим тамирчид эрэгтэй 7, эмэгтэй 7 нийт 14 жинд нийт 47 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Энэ удаагийн тэмцээн хүндийн өргөлтийн спортыг орон нутагт сурталчилан таниулах, тамирчдын хүрээг тэлж, тамирчдын чансааг сайжруулах, “РИО 2016” олимпийн наадмын эрх олгох тэмцээнд оролцох баг тамирчдаа дэмжихэд оршиж байна. Мөн Сүхбаатар аймагт хүндийн өргөлтийн насанд хүрэгчид болон Бүх ард түмний их наадмын хүрээнд зохион байгуулагдсан анхны тэмцээн боллоо.

Тэмцээнд Монгол Улсын үе үеийн шилдэг тамирчид оролцлоо. Тэр дундаа ахмадын дэлхийн аварга Ш.Оюунчимэг, 1991, 1992 оны Азийн аваргын мөнгө, хүрэл медальт, улсын 12 удаагийн аварга, ОУХМ Н.Батжаргалын нарын ахмад тамирчид залуу шилдэг тамирчидтай өрсөлдсөн юм.

Тэмцээний үеэр эрэгтэй 62 кг-ын жинд ОУХМ Ө.Чагнаадорж огцом болон түлхэлттэй өргөлтөөр залуучуудын улсын рекордыг тус бүр 5 кг-аар шинэчлэн тогтоолоо. Тэрбээр огцомоор 111 кг, түлхэлтээр 140 кг-ыг өргөж, хоёрдугаар сард болсон залуучуудын УАШТ-ий үеэр өөрийн тогтоосон амжилтаа энэхүү тэмцээнд ахиулсан юм. Мөн эмэгтэй 48 кг-ын жинд Ч.Нямзул улсын рекордыг шинэчлэн тогтоосон. Тэрбээр огцомд 69 кг, түлхэлтэйд 106 кг-ыг өргөж, залуучууд, насанд хүрэгчдийн Монгол Улсын рекордыг эвдлээ. 

 

Залуучуудын улсын рекордыг шинэчлэн тогтоогч Ө.Чагнаадорж

Мөн эмэгтэйчүүдийн 48 кг-д Ч.Нямзул, 53 кг-д Б.Золбоо, 58 кг-д Эрдэнэтуяа нар Олон улсын хэмжээний мастерын болзлыг хангасан бол эрэгтэй 94 кг-ын жинд А.Амартөгс спортын мастерын болзлыг биелүүлсэн.

Нийт 18 баг өрсөлдсөнөөс эрэгтэй ангилалд “Аврагч” спорт хороо түрүүлж, “Хүч”, “Хилчин” холбоод удаалав. Мөн эмэгтэй багаас “Алдар” спорт хороо түрүүлж, “Хилчин”, “Аврагч” багууд хоёр, гуравдугаар байрыг эзэллээ.

БАГИЙН ДҮН: Нийт 18 баг

Эрэгтэй:

  1. "Аврагч"
  2. "Хүч"
  3. "Хилчин"

Эмэгтэй:

  1. "Алдар"
  2. "Хилчин"
  3. "Аврагч" спорт холбоод тус тус эхний байруудад шалгарлаа.

Тэмцээний нээлтийн болон хаалтын фото агшнаас хүргэж байна.

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж