Бор гөрөөсний цус уух аюултай

2016 оны 3 сарын 16

National Geography of Mongolia

Сэрэмжлүүлэг!

Эрхэм хүмүүс ээ,

Энэ дор дэлгэсэн гөрөөсний бүдэгхэн зураг руу та бүхнийг татах гэсэнгүй ээ. Хаврын улирал эхэллээ. Яргуй удахгүй нүдлэнэ. Гөрөөсний цус уухаар зарим эрүүл ахуйн мэдлэг нимгэн хүмүүс ан авд хошуурна.

Иймд онцгой санамжийг хүргэх гэж энэ зургийг дэлгэсэн юм. Бор гөрөөсний цусанд Бабиозиа (Babesia venatorum) хэмээх шинжлэх ухааны нэртэй аюулт халдварт өвчин үүсгэдэг нэг эст паразит организм оршдог ажээ.

Энэ нэг эст цусны паразит нь хачиг (Ixodes persulcatus болон өөр бусад зүйл хачиг) хэмээх цус сорогч гадаад шимэгчээр дамжин гөрөөсний цусанд орж халдварладаг нь тогтоогдсон. Гэтэл, Б.Түвшинтулга нар (Tuvshintulga et al ., 2015) Японы судлаачидтай хамтран гүйцэтгэсэн судалгааны үр дүнд Монголд хачигнаас (Ixodes persulatus) дээр дурдсан цусны паразит аюулт өвчин үүсгэгч нэг эст организм болох Babesia venatorum-ыг саяхан илрүүлжээ. 

Энэ өвчин үүсгэгч нэг эст организм нь хүнд халдварласан тохиолдолд цусны улаан эсийг хөнөөх (Rudzinska and Trager, 1962) бөгөөд улмаар цус багадах эмгэг үүсдэг байна (Roby et al., 1964), мөн дэлүү, чөмөгт ясанд бүрэлдэх улаан эс буурдаг ажээ. 
Мөн цусан дахь элдэв халдварт өвчин эсэргүүцэх дархлааны эсрэг биеийн түвшин эрс буурдаг нь тогтоогджээ (Winebright and Fitch, 1962; De Carvalho et al., 1967). 
Халдварт өвчинтэй цус ууж эрсдэх үү...эсхүл амьд, эрүүл амгалан орших уу...

МУИС-ийн Байгалийн ухааны сургуулийн багш доктор Н.Батсайхан багшийн сануулгыг олон түмэнд түгээгээрэй!

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна