Хоёр мандатын төлөөх тулаан

2016 оны 3 сарын 17

“Сонгууль-2016” тулааны өнгийг тойргоор нь долоо хоног бүр тоймлон мэдээлж буй. Энэ удаад УИХ-ын сонгуулийн 13 дүгээр тойрог буюу Сэлэнгэ аймагт хэн, хэн нэр дэвшихээр сунгааны бэлтгэл хангаж байгааг тоймлолоо.

Монгол Улсын газар тариалангийн гол бүс нутаг болон хөгжиж буй Сэлэнгэ аймаг 17 сум, 100 мянга гаруй хүн амтай. Хойд хөрштэй хил залган орших тус аймгийн иргэд сонгогчдыг төлөөлөн парламентад УИХ-ын гишүүн, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нар сууж байна. Хоёр мандаттай энэхүү тойрогт өрсөлдөх Ардчилсан нам, МАН-ын горилогчдын нэрс ерөнхийдөө тодорч эхлээд байна.  

Өмнөх УИХ-ын сонгуулийн циклийг ажиглавал хотын дарга Э.Бат-Үүл, Монгол Улсын Ерөнхий сайд асан Ш.Гунгаадорж, “Гал голомт” үндэсний хөдөлгөөний тэргүүн Д.Мөнхөө нар сонгогдон ажиллажээ.

Ардчилсан нам

Эрх баригч хүчин Сэлэнгэ аймагт баавартай үзнэ гэх “шуум” цацагдаад эхэлсэн нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нарыг илгээх нь үү гэх таамаглалыг дэвшүүлэхэд хүргэж байна. Хэн, хэн нь Сэлэнгийн уугуул. Хийсэн ч ажилтай, хэлэх ч үгтэй улстөрчид.

С.Баярцогт сайдын хувьд 2012 оны УИХ-ын сонгуулийг оролцуулаад дөрөв дэх удаагаа Сэлэнгэ аймгаас сонгогдсон түшээ бол Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатын хувьд анх удаа өрсөлдөх тойрог нь гэж хэлж болно. Өмнөх сонгуульд тэрээр намын нэрсийн жагсаалтад бичигдэн УИХ-ын гишүүн болсон юм. Ардчилсан намыг сөрөг хүчин байх үед “гал тогоог” нь хариуцан ажиллаж байсан түүнийг нөхөд нь 2012 оны УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгуульд амжилттай оролцох суурийг цутгасан гэж үнэлдэг юм билээ. Мөн “Ажлын хар” гэж тодотгох нь бий. Цөөнх байсан улстөрийн хүчнийг 2012 оны сонгуульд олуулаа болох ажлыг гардаж ажилласан учраас ийм тодотгол зүүсэн байдаг.

Бариад авсан ажлаа дуусгахын төлөө эцсийн үр дүнг нь үзэхийн төлөө зүтгэдэг зоримог чанар нь Аж үйлдвэрийн яамыг удирдах сайдын суудалд хүргэсэн гэх нь ч бий. Үйлдвэрлэл гэх юмгүй, байгалийн баялаг, малынхаа түүхий эдийг гадаад руу экспортлохоос хэтрэхгүй улсыг импортын нөлөөллөөс гаргаж, томоохон үйлдвэрүүдийг барьж байгуулах бодлогыг зангидах болсноор энэ хугацаанд нэлээд ажил амжуулсан байдаг. Зэс хайлуулах үйлдвэр, нефть боловсруулах үйлдвэр барьж байгуулах ажилд улстөр орчихгүй бол энэ жилдээ багтаан хөрөнгө оруулагчид нь шалгарна.

Тэрээр Аж үйлдвэрийн сайдаар томилогдохоосоо өмнө УИХ дахь Ардчилсан намын бүлгийг удирдаж байв. Хэцүүхэн сөрөг хүчинтэй ойлголцохын тулд тулалдах үедээ тулалдаж, зөвшилцөх үедээ зөвшилцөж олон асуудлын ээдрээг тайлсан нь бий. Тиймээс нам нь түүнийг Сэлэнгэд сойвол итгэл үзүүлж болох улстөрчийн нэг.

Нэр дэвших болгондоо сэлэнгэчүүдийн итгэлийг хүлээн УИХ-д удаа дараа сонгогдсон түшээ бол сайд С.Баярцогт. Энэ хугацаанд Байгаль орчны сайд, Сангийн сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, УИХ-ын дэд дарга зэрэг хариуцлагатай албыг хашиж ирсэн юм. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг Монголд ашиггүй байгуулах боломжийг хөрөнгө оруулагч нарт олгосон гэх буруутнаар сайд С.Баярцогтыг буруутгах улстөрч цөөнгүй ч тухайн үеийн Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд асан С.Баяр “Монгол Улс энэ төслөөс 60 гаруй хувийн ашиг хүртэнэ” гэдгийг ярилцлага өгөх бүрийдээ тодотгох нь бий. Мөн Оюутолгой төслийн үр дүнд нэгэн үе Монголд долларын ханш шалдаа бууж, 1000 төгрөгтэй тэнцсэн тохиолдол ч бий. Монголын эдийн засгийн өсөлт 27 хувьд хүрч, бизнес эрхлэгчид ашиг орлого өндөр байсан үе нь яах аргагүй түүнийг Сангийн сайдаар ажиллаж байх үед хамаардаг.

2012 оны УИХ-ын сонгуулийн дараа эрх баригч хүчин Засгийн газраа байгуулахаар бужигнах үед  түүнийг Сангийн сайдаар томилогдож магадгүй гэх “бор шувуу” хэдэнтээ ниссэн ч УИХ-ын дэд дарга болж байв. Гэвч Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ оффшор дахь дансаа мэдүүлээгүй гэх үндэслэлээр УИХ-ын дэд даргаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байсан улстөрч юм.

МАН

Ардын нам тойрогт өрсөлдөх нэр дэвшигчээ албан ёсоор тодруулаагүй байгаа ч зураглал ерөнхийдөө гарчээ. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат, Гадаад хэргийн дэд сайд асан Н.Оюундарь нарыг сойх сураг дуулдаж байна. Үүгээр бол хэсэг хугацаанд Сангийн сайдаар ажиллаад авсан Ж.Эрдэнэбат гишүүн портнёроо солих болж буй. Өмнөх сонгуульд тэрээр Монголын Хөрөнгийн биржийн захирал асан С.Гэрэлмаатай хөтлөлцөн өрсөлдөж байлаа. Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллах хугацаандаа иргэдийнхээ итгэлийг олж, орон нутагтаа мөн нэлээд ажил хийсэн байсан нь УИХ-ын гишүүнээр сонгогдох боломжийг олж авсан гэх нь бий. Одоо ч мөн сонгогчид нь түүнд ам сайтай байдаг.

МАН Засгийн газарт хамтрах үеэр тэрээр Сангийн сайдаар томилогдон ажилласан. Намд нь ч, бүлэгт нь ч Монгол Улсын санг хариуцаад ажиллах боловсон хүчин хангалттай байсан ч Ж.Эрдэнэбат гишүүнийг сонгосон нь сайд С.Баярцогт, Д.Эрдэнэбат нарын нөлөө байсан гэх яриа тухайн үед шуугиад өнгөрсөн удаатай. Мөн тэдэнд нэг чанар байдаг нь Сэлэнгэ аймгийг хөгжүүлэхийн төлөө үзэл бодлоороо нэгдэж, ажилласан байдаг юм.

Ц.Нямдорж гишүүний “Хамаг хөрөнгө оруулалт Сэлэнгэ рүү явчихаад байна” гэх үг эндээс л эхлэлтэй.

Харин дэд сайд асан Н.Оюундарийг намын нөхөд нь нэрт зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч Наваан-Юндэнгийн зээ охин гэх нь бий. Гал дээр нь гарсан тул өвөөгийнхөө овгоор овогложээ. МАН дахь хотын фракцид харьяалагддаг нь тойрогт өрсөлдөх боломжийг бий болгож байгаа бололтой. Тэрээр өмнө нь Дэлхийн банк болон НҮБ-ын төслийн зөвлөх, 2008-2012 онд Улаанбаатар хотоос Бээжинд суугаа төлөөлөгчөөр ажиллаж байсан аж. Мөн түүнийг 2008 оны нийслэлийн Иргэдийн төлөөлөгчийн хуралд нэр дэвшиж байсан ч ялагдсан гэх мэдээлэл бий.

Эмэгтэй нэр дэвшигчийн тухайд тойрогт өрсөлдөх хүнд хэцүү даваа боловч нэр нь хэдийнэ яригдах болсон юм.  Хэрвээ энэ хуваарьт өөрчлөлт орох бол Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбаатар оронд нь нэр дэвшиж мэдэх нь. Гэхдээ түүний нэрийг сэлгээгээр орж магадгүй гэх яриа дуулдаж байна. Энэ нь сөрөг хүчний хувьд тандалт судалгааг хэдэнтээ хийсний дараа гарах үр дүнгээс хамаарч, нэр дэвшигчээ өөрчлөх тактик барьж мэдэшгүйтэй холбоотой аж.

Харин МАХН болон бусад улстөрийн нам хүчнүүдийн тухайд дээрх тойрогт өрсөлдөх нэр дэвшигчийн нэрс  тодорхойгүй байна.

УИХ-д сонгогдсон түшээд хэн бэ?

2012 онд

С.Баярцогт АН

Ж.Эрдэнэбат МАН

2008 онд

О.Чулуунбат МАХН

Э.Бат-Үүл, С.Баярцогт АН

2004 онд

Р.Нямсүрэн

Э.Бат-Үүл, С.Баярцогт АН

2000 онд

П.Нямдаваа, Ш.Гунгаадорж, Р.Содхүү МАХН

1996 онд

Д.Цогт-Очир АХ эвсэл

С.Баярцогт АН

Р.Содхүү МАХН

1992 онд

Д.Мөнхөө, Б.Дэмбэрэл, Ч.Зоригтбаатар МАХН

 Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна