Крым “иргэншлээ” солиод хоёр жил боллоо

2016 оны 3 сарын 17

 

Одоогоос хоёр жилийн өмнө буюу 2014 оны гуравдугаар сарын 16-нд Крымд бүх нийтийн санал асуулга явагдаж, энэ санал асуулгын дүнгээр Крымийн хойг Украины мэдлээс гарч ОХУ-ын мэдэлд орж байсан юм. ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин Крым “эх орондоо эргэн нэгдлээ” гэдгийг тухайн үед онцлон хэлж байсан. Барууны орнууд Путины энэ үйлдлийг Украины хэрэгт хөндлөнгөөс оролцсон хэрэг гэж үзэн, ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээ авсан нь одоо үргэлжилсээр байнаа юм.

 

Крымийн түүхээс товч танилцуулъя. Хар тэнгист орших Крымийн хойг нь Османы империйн мэдэлд байж байгаад 1783 онд Екатерина хатан хааны үед Оросын мэдэлд ирсэн. Уугуул хүн ам нь татарууд. 2001 оны Украины хүн амын тооллогоор Крымийн хойгт 20 сая гаруй хүн оршин суугаагийн 58.5 хувь нь оросууд, 24.2 хувь украинчууд, 12.1 хувь нь татарууд байжээ. Крымийн хойг нь Оросын хааны титэмд гялалзах шигтгээ гэж зарим түүхэн эх сурвалжид тодорхойлсон байдаг. Газар зүйн байрлалын хувьд Хаант Оросын хувьд дэлхийн том гүрэн болоход Хар тэнгисийг эзэмших нь онц ач холбогдолтой байсан. Оросууд ч санасандаа хүрсэн.

 

Ийнхүү 1783 оноос хаант Оросын, залгуулаад социалист Оросын мэдэлд байсан хойгийг Никита Хрущев 1954 онд ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан Украины мэдэлд өгсөн юм. Никита Хрущев нь украин гэдгийг энд дурдах хэрэгтэй. Сталины үед Крымийн татаруудыг хойгоос албан хүчээр нүүлгэн шилжүүлж, ЗХУ-ын бусад газар нутагт, гол төлөв Төв Азийн бүгд найрамдах улсуудад тараан суурьшуулсан.

 

ЗХУ задран унасны дараа ОХУ-ын тэнгисийн цэргийн нэг гол хүч болсон Хар тэнгисийн флотын эзэмшлийг хэрхэн шийдэх нь Орос, Украины шийдэх хамгийн ярвигтай асуудлын нэг байсан. Хэдийгээр газар нутгийн хувьд флот нь Украины мэдэлд байсан ч флотыг Москвагаас шууд удирдаж байсан юм. Амаргүй яриа хэлэлцээний эцэст ОХУ 2017 он хүртэл флотыг эзэмшихээр тохирсон. 2010 онд байгалийн хийн маргаанаас үүдсэн хямралыг зохицуулах асуудлын хүрээнд ОХУ Украинд нийлүүлэх байгалийн хийн үнэндээ хөнгөлөлт үзүүлэхээр болж, флот эзэмших эрхээ 2040 он болгон сунгасан байсан юм. Харин хоёр жилийн өмнө явагдсан ард нийтийн санал асуулгаар Крым ОХУ-ын мэдэлд орж энэ яриа, хэлэлцээ хэрэггүй болсон.

 

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна