Дугаартайгаа хэзээ өөр оператор руу шилжих вэ?

2016 оны 3 сарын 17

-Хууль бэлэн ч үүрэн телефоны операторууд яарахгүй байна-

 

Монгол Улсын иргэд эзэмшиж байгаа дугаартайгаа үүрэн телефоны өөр оператор руу шилжих боломжийг хуулиар олгоод бараг хоёр жил болох гэж байна. Гэвч техник, технологийн бэлтгэл ажилтай холбоотойгоор хэзээнээс хэрэгжих нь тодорхойгүй.

Дугаартайгаа өөр оператор руу шилжих үйлчилгээ гэдэг нь та хэрэглэж буй гар утасны дугаараа солихгүйгээр өөр оператор руу шилжиж боломжийг хэлж байгаа юм. Уг нь 2014 онд Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар энэ үйлчилгээг нэвтрүүлэх боломж бүрдсэн байдаг. Гэвч хэрэгжилт нь өнөөг хүртэл эхлээгүй байна.

Одоогоор энэ ажил сонгон шалгаруулалтын шатандаа явж байгаа гэх мэдээллийг Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газраас өгсөн. Тодруулбал, одоо ашиглаж буй үүрэн телефоны дөрвөн операторын дунд сонгон шалгаруулалт зарлажээ. Гэвч шалгарсан компани энэ ажилд оролцох боломжгүй гэх тайлбарыг өгчээ. Тиймээс дараагийн ээлжинд шууд сонгон шалгаруулалтыг явуулахаар болсон байна.

Ингэж дундын операторын сонгон шалгаруулалт явуулсаны дараа л энэ үйлчилгээг эхлүүлэх боломжтой хэмээн албаныхан тайлбарлалаа. Уг нь төлөвлөгөө ёсоор бол 2016 ондоо багтаж хэрэглэгчдэд энэ үйлчилгээг хүргэнэ хэмээн тооцоолсон. 

Дугаартайгаа өөр оператор руу шилжих үйлчилгээг нэвтрүүлснээр нэн тэргүүнд хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаална хэмээн тайлбарлаж байгаа юм. Одоогоор энэ үйлчилгээг дэлхийн 78 оронд хэрэглэдэг юм байна. Монгол улсын хувьд анх энэ үйлчилгээг нэвтрүүлэх асуудал яригдаж эхлэхэд нийт хэрэглэгчдийн 33.5 хувь нь ашиглахад бэлэн байгаагаа илэрхийлсэн судалгаа байдаг.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна