Шөрмөсөн чулууг аюул гэж үзэхгүй байна уу?

2016 оны 3 сарын 17

-Улаанбаатар хотод асбест буюу шөрмөсөн чулуу агуулсан материалаар баригдсан 1076 барилга бүртгэгдсэн нь түгшүүр төрүүлсэн баримт юм-

Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл түгшүүр төрүүлэм хэмжээнд очоод байгаа. Хавдрын өвчний шалтгааныг тэр гэж оноогоод хэлчих боломжгүй, маш олон хүчин зүйлээс үүдэлтэйг эмч нар хэлдэг. Энэ олон хүчин зүйлийн нэг нь асбест буюу шөрмөсөн чулуу ажээ.  

Агаараар дамжин хамар хоолойн залгиураар уушгинд нэвчиж, 20 жилийн дараа гэхэд хүний амьсгалын эрхтэнийг бүрэн ажиллагаагүй болгон үхэлд хүргэдэг аюултай энэ эрдэс хүний үсийг 5000 хуваасантай тэнцэх нарийн ширхэгтэй учир энгийн нүдээр ялгах, таних аргагүй. Дэлхий дахинд 125 сая гаруй хүн ажлын байрандаа энэхүү аюулт бодисын нөлөөнд өртдөг гэсэн судалгаа байдаг бөгөөд мэргэжлээс шалтгаалан үүссэн хавдрын талаас илүү хувийг асбестийн шалтгаант хавдрууд эзэлж байгааг эмч нар сануулж байна. Дэлхий дээр жил бүр 107,000 хүн асбесттай холбоотой өвчнөөр нас барж байдаг гэнэ. Чимээгүй тахал болсон асбест гэх энэхүү эрдэс нь маш нарийн бат бөх ширхэгтэй, эрчилж мушгирсан, өндөр температур болон галд тэсвэртэй, усанд уусдаггүй, химийн урвалд ордоггүй, зэвэрдэггүй, цахилгаан дамжуулдаггүй, гадаад орчинд тэсвэртэй, байгаль дээр тархсан эрдсийн бүлэг гэнэ. Асбестийг барилгын материалаас эхлээд бойлер, шугам хоолойн дулаалга, цахилгаан бараа, автомашин, зуух, бөмбөг тэслэх утас, эм, эмийн бүтээгдэхүүн зэрэг 3000 гаруй барааны үйлдвэрлэлд ашигладаг ажээ.

Засгийн газрын эргэж буцсан шийдвэр

Монгол Улсын Засгийн газар 2010 онд шөрмөсөн чулууг “Монгол Улсад ашиглахыг хориглосон химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д оруулж, импорт болон хэрэглээг хориглож байжээ. Уг тогтоол батлагдсанаар импортоор орж ирэх асбестийн хэрэглээ эрс буурсан гэж эрдэмтэд үнэлсэн байна. Гэвч Засгийн газар ганцхан жилийн дараа шийдвэрээсээ буцаж,  2011 оны 176 тоот тогтоолоор амозит, антофиллит, актинолит, крокидолит, термолит асбестийг “Монгол Улсад ашиглахыг хязгаарласан химийн хорт болон аюултай бодисын жагсаалт”-д оруулсан байна. Энэ нь хориглож байсан аюулт бодисыг хязгаарлагдмал хүрээнд хэрэглэхийг зөвшөөрч орхисон гэсэн үг. Бүрмөсөн хориглосон шийдвэрээ хязгаартай хэрэглэх шатлал руу шилжүүлсэн шалтгаан нь тодорхойгүй хэвээр байна.  

Манай Засгийн газар ахисан алхмаасаа ухарсан шийдвэр гаргаж байхад хүн ардынхаа эрүүл мэндийг боддог улс орнууд аль хэдийнэ асбестээс татгалзжээ. 1983 онд Ирланд, 1984 онд Норвеги улс бүх төрлийн асбестийг үйлдвэрлэх, хэрэглэхийг хамгийн түрүүнд хориглосон байдаг. Азиас Япон улс 2005 онд, Өмнөд Солонгос, Сингапур улсууд 2006 онд асбестийг хэрэглэх, экспортлох, үйлдвэрлэхийг бүрмөсөн хоригложээ. Одоогоор дэлхийн 54 орон асбестийн хэрэглээг бүрмөсөн хориглоод байгаа юм. Харамсалтай нь асбест олборлодог, асбест агуулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортоор тэргүүлдэг Канад, ОХУ, Хятад, Казахстан зэрэг орон өнөөг хүртэл уг аюулт бодистой нөхөрлөсөн хэвээр байна. Аюулыг үл тоогч орнуудын хоёр нь манай мөнхийн хөршүүд байгаа нь бүр ч түгшүүртэй.  Япончууд л гэхэд тус улсад асбестээс болж уушгины болон арьсны хорт хавдар нэмэгдсэн гэж үздэг ажээ. Иймээс асбест хэрэглэсэн барилга байгууламжийн ашиглалтыг зогсоох шийдвэрийг Засгийн газар нь аль эрт гаргажээ. Гэтэл манайхан асбесттэй барилга байгууламжаа зарлаж аюулыг арилгах бүү хэл нууцалсаар байгаа нь хачирхалтай.

Шөрмөсөн чулууг бид дотооддоо үйлдвэрлэх боломжгүй. Бүх төрлийн асбест, асбест агуулсан бүтээгдэхүүнийг гадаад орнуудаас, тэр дундаа урд хойд хоёр хөршөөсөө импортлон хэрэглэж байгаа гэнэ. 1995-2013 оны хооронд нийт 39 935 тонн асбест агуулсан бүтээгдэхүүн импортлон хэрэглэсэн гэх таагүй мэдээлэл чих дэлслээ.

Асбестийг хаана ихээр хэрэглэдэг вэ?

“Монгол Улсын асбестийн төлөв байдал” судалгааг одоогоос хоёр жилийн өмнө Монголын  эмч, эрдэмтэд хийжээ. Тэдний тогтоосноор манай улсад асбест хэрэглэдэг аж ахуйн нэгжид нийт 14893 хүн ажилладаг байна. Тэдний 514 нь асбесттай шууд харьцаж ажилладаг бол 2553 нь шууд бусаар асбестийн нөлөөлөлд өртөж байгааг тогтоожээ. Автозасварын 88 газарт нийт 1015 хүн ажиллаж, тэдгээрийн 232 нь асбест агуулсан тоормозны жийргэвчийг сольж, хаддаг байх жишээтэй. Мөн Улаанбаатар хотод асбест агуулсан материалаар баригдсан 1076 барилга бүртгэгдсэн нь түгшүүр төрүүлсэн баримт юм. Харамсалтай нь судлаачид хаана ямар барилга байгааг тодотгохыг хүссэнгүй.  

Судалгаанаас хойших хоёр жилийн хугацаанд манай улсад асбесттай харьцдаг хүмүүсийн тоо өссөн үү гэхээс буураагүй. Дулааны станц, шугам сүлжээний газрууд, төмөрлөг, барилгын үйлдвэрүүд, бүх төрлийн лабораториуд, барилгын материалын худалдааны зах, автомашины засварын газруудад асбест бодитоор нүүрлэж байх аюултай. Барилгын хавтан, барилгын дээвэр, асбестан цемент, нэхмэл бүтээгдэхүүн, автомашины тоормозны жийргэвч /накладка/, галд тэсвэртэй материал, дулаан тусгаарлагчууд, асбесттай цаас, олс гэх мэт хүмүүсийн байнгын хэрэглээнд нөгөөх аюул агуулагддаг. Тиймээс засвар-техникийн ажилчид, гагнуурчин, мужаан, барилгын материалын борлуулагчид,  барилгын засварчин, нярав, жолооч гээд асбесттай “нөхөрлөж” буй хүн олон бий. Наад зах нь барилгын материал, тэр дундаа цемент, хуурай эмульс зэрэг нунтаг, пургиж бужигнасан материалтай харьцдаг хүмүүс эрүүл мэнддээ онцгой анхаарах хэрэгтэйг эмч нар хэлж байна. Ядаж л ажлын хувцсаа сольж байж гэртээ харих, боломжтой бол өдөр тутам усанд орж байх зэрэг эрүүл ахуйн наад захын дадал сууж гэмээнэ өөрийгөө,  цаашлаад хайртай гэр бүлийнхнээ асбестийн аюулаас аврах юм.

Д.ЦЭЭПИЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна