Б.Батсайхан: Хамтдаа урагшилна, хамтдаа бүтээнэ

2016 оны 3 сарын 17

БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, хурандаа Б.Батсайхантай ярилцлаа.

 

-Та БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Ажлаа юунаас эхлэв, энэ хугацаанд хийсэн ажлуудын талаар ярилцлагаа эхлэе?

 

-Батлан хамгаалах салбар надад хамгийн ойр, дотно салбар, ер нь энэ салбараас хөндийрөөгүй гэж болно. Учир нь нэг талаас би цэргийн хүн, нөгөөтэйгүүр Монгол Улсын Ерөнхий сайдын Аюулгүй байдал, батлан хамгаалах асуудал эрхэлсэн Зөвлөхийн хувьд Батлан хамгаалах салбартай нягт ойр ажиллаж ирсэн. УИХ, Засгийн газраар хэлэлцүүлж буй Батлан хамгаалах салбартай холбоотой асуудлуудад ямагт байр сууриа илэрхийлж, нааштай шийдвэрлүүлэхэд туслан, салбарынхаа үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудлууд гээд бүх л талын мэдээллийн дунд байсан. Тийм болохоор ажил байдалтай танилцаж цаг алдах шаардлага байгаагүй, томилогдсон өдрөөс л хийх ажил маань тодорхой байх нь ойлгомжтой. Мэдээж хэрэг хууль эрх зүйн асуудлуудыг нэгдүгээрт тавьсан. Хамгийн гол болох “Батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичиг шинэчлэн батлагдаж, 4 хуулийн төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн бариад байна. Үүнээс гадна шинээр ангиуд байгуулагдсан, цэргийн алба хаагчид бүтээн байгуулалтад оролцох боломж бүрдсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмж гээд олон асуудал Батлан хамгаалах салбарын хувьд нааштайгаар шийдвэрлэгдсэнийг онцгойлон тэмдэглэе. Энэ нь төр, засгаас Батлан хамгаалах салбарыг илүүтэй анхаарч дэмжиж байгаагийн илрэл, ялангуяа Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт салбарынхаа бие бүрэлдэхүүний өмнөөс талархах нь зүйтэй. Ямартаа л Засгийн газрын 8 удаагийн хуралдаанаар Батлан хамгаалах салбарын асуудлыг дараалан хэлэлцэж нааштай шийдэгдэж байхав. Эрх зүйн асуудлуудаа шийдвэрлүүлчихвэл дотооддоо байгаа асуудлуудаа шийдвэрлэхэд дөхөм шүү дээ.

 

Түүнчлэн энэ бүхэнд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмонгийн салбараа гэсэн чин сэтгэл, санал санаачилга, зүтгэлийг дурьдахгүй өнгөрч болохгүй. Ер нь аливаа асуудалд ноён нуруутай, тулхтай хандаж, бүтээлч ажлуудыг дэмжиж, энэ салбарт бодитой, үлдэцтэй ажил хийхийг хичээдэг хүн гэдгийг энэ дашрамд хэлье.

 

-Дотоод асуудал гэснээс 300 айлын орон сууцнаас эхлээд багагүй асуудал түргэн хугацаанд шийдэгдсэн. Энэ нь Таны ажил албандаа баримталдаг зарчим, арга барилтай холбоотой байх?

 

-Тулгамдаж буй асуудлууд байгаа нь ойлгомжтой. Нэн түрүүнд ашиглалтад ороогүй барилга, байгууламжууд. Асар их хүлээлт, маргаан үүсчихсэн. Үүний ард цэргийн алба хаагч, ажилтан албан хаагчдын эрх ашиг хөндөгдөж байсан учраас хурдан хугацаанд шийдвэрлэхээс өөр арга байгаагүй. Барилгын цэргийн ангиудад 300 айлын орон сууцыг 28 хоногийн хугацаанд ашиглалтад оруулах үүрэг өгсөн. Тэд маань ч үүргээ амжилттай гүйцэтгэж 300 өрх айл, үүний цаана наандаж 1500 хүний амьдралын томоохон асуудал шийдэгдлээ. Барилгын цэргийн бие бүрэлдэхүүнд талархаж, хөдөлмөр зүтгэлээр нь бахархаж байгаагаа хэлье. Хэдхэн хоногийн өмнө БХИС-ийн сагсан бөмбөгийн стандарт бүхий 2 талбайтай, бөх болон гардан тулаан, чийрэгжүүлэлтийн таван жижиг танхим, багш ажилчдын өрөө тасалгаа, контороос бүрдсэн спорт цогцолборын барилгыг ашиглалтад хүлээж авлаа. БХХСАХНЭ-ийн барилгыг 3 дугаар сард багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Ер нь аливаад хурдтай, ул суурьтай, төгсгөлтэй ажиллахыг хичээдэг. Шийдлээ оновчтой олчихоод, үүргээ үндэслэлтэй өгөх нь чухал. Хамгийн гол нь аливаад сэтгэлээсээ хандах нь ажил амжилттай болохын үндэс.

 

Хоёрдугаарт, аливаад үнэнчээр хандах, үнэн байлгах зарчмыг гол болгодог. Тухайлбал, зарим нэг тендер, гэрээг нягтлаж, цуцлах хүртэл арга хэмжээ авч байна. Батлан хамгаалах салбарт хоноцын сэтгэлээр хандахыг хүлээн зөвшөөрөхгүй. Цол нэмэх, албан тушаал дэвших, сургууль дамжаанд хамрагдах, нийгмийн асуудлаа шийдүүлэх гээд ямар ч асуудал ар өврийн хаалгагүй, дүрэм журмын дагуу л шийдэгдэх ёстой. Авилга, хээл хахууль болоод албан тушаалаа буруу ашиглах, ажлын хариуцлага алдсан хүмүүстэй хатуу хариуцлага тооцож, санаачлага идэвх зүтгэлтэй сайн ажиллаж байгаа хүмүүсээ урамшуулж байх хэрэгтэй. Ингэж суурийг нь зөв тавьж байж эрүүл тогтолцоо бүрдэж, ажил үйлс бүтэмжтэй урагшилж, хамгийн гол нь энэ салбарт ажиллагсдын урам зориг, ажиллах эрч хүч дүүрэн байна шүү дээ. Гуравдугаарт, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчин аль нэг нам, улс төрчдөөс хараат байх ёсгүй. Энэ байр сууринд хатуу зогсож, цэргийн алба хаагчдынхаа эрх ашгийн төлөө ажиллана. Энэ бол миний баримтладаг зарчим гэхээсээ илүү хүлээсэн үүрэг, хийж гүйцэтгэх ёстой ажил юм.

 

-2016 онд ямар ажлууд өрнөх вэ?

 

-Сайдын Зөвлөлийн хуралдаанаар 2016 онд хийх ажлынхаа төлөвлөгөөг гаргасан. Эрх зүйн орчноо бүрдүүлж үндсэн ажлаа нугалсан, одоо бид салбарынхаа дотоод ажилд анхаарлаа түлхүү хандуулна. Сул зогсох цаг алга. Энэ жил улс орон төдийгүй Батлан хамгаалах салбарын хувьд ч бүтээн байгуулалтын жил болно. Үүнээс гадна АСЕМ-ийн орнуудын дээд хэмжээний чуулга уулзалт Монгол Улсад зохион байгуулагдана. Үүнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газраас Батлан хамгаалах салбарт зарим үүрэг хүлээлгэж байгаа. Мөн “Оюутан цэрэг”, олон улсын сургууль дадлагууд, зэвсэг техникийн шинэчлэлийн асуудал гээд олон ажил бидний өмнө байна. Агаарын цэргийн техник хэрэгслийг шинэчлэн сайжруулах, боловсон хүчнийг чадавхжуулах талаар анхаарч, дэс дараатай цогц арга хэмжээ авна. Хуурай замын цэргийн хувьд ч ялгаагүй. Зөвхөн ЗХЖШ-ын ажил гэдэг утгаар хайхрамжгүй орхих ёсгүй. БХЯ, ЗХЖШ хоёр бол нэг тэрэгний 2 дугуй. Хамтдаа л урагшилна, хамтдаа л хийж бүтээнэ. Ингэж ч чадаж байгаа. Өөрөөр хэлбэл гар, сэтгэл нийлж ажиллаж байгаа учраас бид богино хугацаанд олон ажлыг үр дүнтэй гүйцэтгэлээ. Цаашдаа хамтдаа зүтгэж олон ажил үйлсийг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна.

 

Бүтээн байгуулалтын ажилтай холбоотой мэдээлэл дуулгахад, Ерөнхий сайдын дэмжлэгтэй UBM гэдэг явуулын хөдөлгөөнт үйлдвэрийг АНУ-аас оруулж ирж байна. Сүүлийн үеийн техник, тоног төхөөрөмж бүхий өндөр хүчин чадалтай уг үйлдвэр 3,5 жилийн хугацаанд барьж байгуулдаг сумын төвийг 1 сарын дотор барих хүчин чадалтай. Цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний хөдөлмөрийг хэд дахин хөнгөвчилсөн уг үйлдвэр Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний бүтээн байгуулалтад асар их ач холбогдолтой нь тодорхой. Анги, байгууллагууд, хээрийн сургууль дадлагын талбарт гээд олон бүтээн байгуулалтыг энэ онд хийж гүйцэтгэнэ.

 

-Онцгойлон анхаарч буй өөр асуудал байна уу?

 

-Бас нэг анхаарах гол зүйл нь ахмадуудын асуудал. Бид тэднийхээ гавьяаг мартах учиргүй. БХЯ, ЗХЖШ-ын Ахмадын зөвлөл, генерал, хурандаа нарын холбоо зэрэг байгууллагуудтай ярилцаж, төлөвлөсөн зүйл байгаа. Аль болох бодит тусламжийг үзүүлэхээр ажиллаж байна. Анги, байгууллагуудын удирдлагууд ч ахмадууддаа хөрөнгө мөнгөөр тусладаггүй юмаа гэхэд үгийг нь сонсож, сэтгэлийг нь өргөөд гаргавал энэ нь хамгийн том тусламж дэмжлэг юм шүү дээ.

 

Мөн БХЯ-ны “Дуулга” студийн үйл ажиллагааг өргөжүүлж бие даасан телевиз байгуулахаар зорьж байгаа. Яагаад үүнийг онцолж байна гэхлээр цаана нь иргэн-цэргийн харилцааг улам бэхжүүлэх зорилго байгаа учраас тэр. Батлан хамгаалах салбарын ажил үйлсийг иргэдэд ойлгуулж, сурталчлах, эргээд иргэдийн дуу хоолойг сонсох “гүүр” нь байх учиртай. “Алдар” спорт хороо, “Соёмбо” сонин, ЦДБЭЧ-ын хувьд ч ялгаагүй анхаарал хандуулж, тоног төхөөрөмж, техник хэрэгслийг нь шинэчилж сайжруулна. Эд маань бүгд л Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нэр хүндийн төлөө үйл ажиллагаагаа явуулдаг учир бид анхаарал хандуулах нь зүйн хэрэг юм. Энэ мэтчилэн олон ажлыг энэ онд амжуулахаар төлөвлөөд ажиллаж байна.

 

-Удахгүй бидний нэрлэж заншсанаар Цэргийн баяр тохиож байна. Та уг баярыг хэрхэн өнгөрүүлдэг вэ?

 

-Юуны өмнө Батлан хамгаалах салбарынхаа бүрэлдэхүүн, ахмадууд, дэлхийн халуун цэгт үүрэг гүйцэтгэж буй энхийг сахиулагчид, тэдний гэр бүл, мөн Зүүнбаянд хамт алба хааж байсан хамт олон, нөхөддөө онцгойлон баярын мэнд хүргэж сайн сайхан бүхнийг хүсье. Миний хувьд хамгийн сайхан баяр, тэмдэглээгүй удаа байхгүй. Ямар ч үед ач холбогдол өгч, эрхэмлэн тэмдэглэдэг.

 

Баярын өдрүүд тохиож байгаа учраас ажилтай холбоогүй энгийн нэг жишээ яримаар санагдлаа. Солонгос Улсын Хуурай замын цэргийн командлагчийн академийг төгсөж байсан тэр үе сэтгэлд тод байдаг юм. Суралцахаар очиход сургуулийн төв хэсэгт 36 орны төрийн далбааг 2 хэсэгт хуваагаад байрлуулчихсан. Монгол Улсын Төрийн далбаа баруун жигүүрийн дороосоо хоёрт буюу Тайвань Улсын Төрийн далбааны дээр байрлаж байсан. Улирал бүр сонсогчдын сурлагын дүнг жагсааж амжилтаар нь Төрийн далбааг нь урагшлуулж, хойшлуулдаг. Энэ нь сэтгэл зүйд хичнээн их нөлөөлдөг гэж санана.Төрийн далбаагаа урагш байрлуулахын тулд үнэхээр хичээж чармайж суралцсан. Төгсөлтийн ёслолд Монгол Улсын Төрийн далбаа баруун жигүүрийн эхэнд мандаж, төрийн дуулал эгшиглэх тэр мөчид өөрийн эрхгүй омогшиж нүдэнд нулимс цийлэгнэж билээ.Яагаад энэ жишээг онцлов гэхээр монголчууд, тэр дундаа цэргийн хүний сэтгэл зүрх, эд эсэнд эх орноо гэх сэтгэл илүүтэй оршдогийг бага боловч илэрхийлэх болов уу гэж бодсоных. Тэгэхээр цэргийнхэн бидний хувьд хамгийн эрхэм баяр юм даа.

 

ЭХ СУРВАЛЖ: "СОЁМБО" СОНИН