Ц.Цолмон: Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг та бүхэндээ баярлалаа

2016 оны 3 сарын 17

 

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Батлан хамгаалах хууль тогтоомж, Цэргийн штабуудын үйл ажиллагаа, “Монгол цэргийн жавхаа” уралдааныг сурталчлах, иргэдэд ажлаа танилцуулах өдөрлөг, “Ахмад, залуучуудын гурван үеийн уулзалт”-ыг зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээнд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, Зэвсэгт хүчний жанжин штабын орлогч дарга, бригадын генерал Р.Сүхбат, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлагч, бригадын генерал Б.Амгаланбаатар, Хилийн цэргийн 0252 дугаар ангийн захирагч, хурандаа Ж.Дамдинбазар, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Болдбаатар болон дүүргүүдийн цэргийн штаб, үе үеийн цэргийн алба хаагчид, иргэд оролцов. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон энэ үеэр эхэлсэн үгэндээ "Нийслэлийн удирдлагууд эрүүл чийрэг, эрдэм боловсролтой ажилтай орлоготой иргэдтэй, аюулгүй орчинтой шинэ үеийн нийслэлийг бүтээн байгуулахын төлөө олон сайхан ажил хийж хэрэгжүүлж байгааг энэ өдөр бахархан ярих ёстой. Ялангуяа, цэрэг эрсийн төлөөх хийж байгаа түүний олон ажлыг та бид мэднэ. Улаанбаатар цэргийн хүрээний жагсаалч, тохижилттой анги байгууллагыг шалгаруулах "Монгол цэргийн жавхаа” уралдааныг 2013 оноос эхлэн жил бүр хамтран уламжлан болгон зохион байгууллаа. Цэрэг эрсийн жагсаалын сүр хүчийг харсан залуучууд цэргийн жинхэнэ алба хаах, хугацаат цэргийн албанд явах сонирхолтой болж байна. Мөн эцэг эхчүүд хүүхдээ цэргийн албанд явуулах хандлага ч нэмэгдэх болсон. Уг арга хэмжээ өмнөх жилүүдээс илүү өргөн дэлгэр болж, цэргийн анги, байгууллагууд идэвхитэй оролцож байгаа нь уралдааны цар хүрээг улам илтгэж байна. "Монгол цэргийн өдөр", Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын энэ өдрийг тохиолдуулан Нийслэлийн хотынхоо иргэд та бүхэнд болон Зэвсэгт хүчнийг дэмжин хүндэтгэдэг, хамтран ажилладаг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, удирдлагуудад чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе" хэмээн онцолж байсан юм. Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл уг үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ “Аливаа тусгаар тогтносон улсын билэг тэмдэг болсон Зэвсэгт хүчний 95 жилийн ой, 810 жилийн түүхтэй Монгол цэргийн өдрийг бид бүхэн хамтдаа тэмдэглэж байна. Монгол Улсын Зэвсэгт хүчинд зүтгэж байгаа үе үеийн албан хаагчид, уг салбарт амьдралаа холбосон бүх хүнд Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 95 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Нийслэлээс цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх зорилгоор “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уг уралдаанаар дамжуулан иргэн цэргийн харилцааг бэхжүүлж, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлж, иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгож байгаа юм” гэлээ.

 

Энэ үеэр “Монгол цэргийн жавхаа-2015” уралдааны баримтат киног танилцуулж, 18 нас хүрч, цэргийн бэлтгэл үүрэгтнээр бүртгэгдэж байгаа залуучуудад цэргийн үүрэгтний үнэмлэх, дурсамж гардуулав. Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдын дунд зарласан “Миний мэдэх Батлах хамгаалах үйл ажиллагаа” сэдэвт зохион бичлэгийн уралдааны дүнг танилцуулж шагнав. Мөн Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид тоглолтоо сонирхуулж, энэхүү баярын хүрээнд Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагааг сурталчлах, нийслэлийн иргэдэд батлан хамгаалах төрийн үйлчилгээг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авлаа.