Америк оюутныг суллахыг Пхеньянаас шаардав

2016 оны 3 сарын 17

 

Хойд Солонгост хоригдож буй америк оюутныг нэн даруй суллахыг АНУ-ын албаныхан шаардаж байна. Суртал ухуулгын хуудас хулгайлсан америк оюутанд Хойд Солонгосын албаныхан 15 жил хөдөлмөрийн лагерьд хорих ял оноосон юм. 21 настай Отто Уормбиерыг Хойд Солонгосын төрийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгасан байна. Тэрбээр өнгөрсөн нэгдүгээр сард улс төрийн суртал ухуулгын зурагт хуудсыг авч хилээр гарах гэж байгаад баривчлагджээ. Отто Уормбиер “Янгакдо” олон улсын зочид буудалд байрлаж байхдаа ажилчдын өрөөнөөс суртал ухуулгын хуудсыг хулгайлсан байв. Тэрбээр бусдыг ятгалгаар суртал ухуулгын хуудсыг хулгайлсан гэдгээ өнгөрсөн сард Пхеньянд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн юм. Отто Уормбиер АНУ-ын Виржиниа их сургуульд суралцаж байсан аж.

 

Солонгосын хойгт АНУ болон БНСУ-ын хамтарсан цэргийн сургуулилт үргэлжилж буйн зэрэгцээ Пхеньяны талаас өдөр бүр заналхийлсэн мэдэгдэл ирж байна. Хамгийн сүүлд Хойд Солонгос устөрөгчийн бөмбөгтэй баллистик пуужингаар АНУ-ын Манхэттеныг газрын хөрснөөс арчина хэмээн сүрдүүлжээ. АНУ болон БНСУ-ын хамтарсан уламжлалт цэргийн сургуулилалт энэ жил  өргөн бүрэлдэхүүнтэй болж байна.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна