Хоккейчид Тайваны багт хожигдлоо

2016 оны 3 сарын 17

Арабын Нэгдсэн Эмират улсын Абу-Даби хотноо болж буй шайбтай хоккейн “Asian challenge cup-2016” тэмцээн маргааш өндөрлөнө. Тус тэмцээнд оролцож буй Монгол Улсын хоккейн шигшээ баг өнгөрсөн шөнө хэсгийн гурав дахь тоглолтоо Тайваны багтай хийж, 18-2 онооны харьцаагаар ялагдал хүлээлээ. Хэсгийн эхний тоглолтод Сингапурыг хожиж гараагаа амжилттай эхэлсэн "Талын хөх чононууд" АНЭУ, Тайваны багуудад дараалан хожигдлоо. Тэд маргааш хэсгийн сүүлийн тоглолтоо Тайландын багтай хийх бөгөөд хожсон тохиолдолд хүрэл медаль хүртэх юм. 

Тэмцээнийг АНЭУ, Тайвань гурван хожилтой тэргүүлж эхэлсэн бол Тайланд, Монгол адил нэг хожилтой удаалж байна. Харин Сингапурын баг дөрвөн тоглолт хийснээр нэг ч хожил авалгүй тэмцээнийг өндөрлүүллээ.

Тэмцээний сүүлийн өдөр буюу нөгөөдөр/03.18/ Монгол-Тайланд, Тайвань-АНЭУ-ын багууд өрсөлдөнө.

“Asian challenge cup”-с “Талын хөх чононууд” 2013, 2014, 2014 онуудад дараалан хүрэл медаль хүртээд байна. Энэ удаа манай хоккейчид сүүлийн гурван тэмцээнээс медаль хүртэж чадаагүй байгаа Тайландын багийг хожвол дөрөв дэх хүрлээ авах юм.

Ч.ОТГОНБААТАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна