Оскар де ла Рентагийн бүтээлийг дэлгэлээ

2016 оны 3 сарын 17

Модель Нати Абаскаль ба Оскар де ла Рента

Сан-Франциско хотын де Янгийн музейд ХХ зууны загварын их мастер Оскар де ла Рентагийн уран бүтээлийн замд зориулагдсан томоохон үзэсгэлэн саяхан нээгдлээ. Агуу загвар бүтээгч ертөнцийн мөнх бусыг үзүүлснээс хойш хоёр жил өнгөрсөн ч загварын түүхчид түүний уран бүтээлд хандсаар л байна.

Их мастерийн урлагийн өвийн үзэсгэлэн гаргах гол санаачлагч нь Vogue сэтгүүлийн нэртэй редактор Андре Леон Телли байв. АНУ-ын загварын их мастерийн уран бүтээлийн намтрын он дарааллыг сэргээн олон нийтэд танилцуулж байгаа ажээ.

Оскар де ла Рента ба Жаклин де Риб

Үзүүлэнгүүдийг газар зүйн зарчмаар нь тав хуваасан бөгөөд Оскар бусад улс орны уламжлал, соёлд ихээхэн анхаарал хандуулж иржээ.  Нэн ялангуяа тэрээр Оросыг ихээхэн сонирхдог байсныг 1967 оны орос цуглуулгын хэсэг харуулж байна.

Оскар хоёр удаа гэрлэсэн бөгөөд хоёр дахь эхнэр Анетт Ридтэйгээ 1960 оны үеэр Виндзорын герцогийн хүлээн авалт дээр танилцсан ч 1989 онд л гэрлэжээ.

Oscar de la Renta-гийн “орос загваруудын” таталбар зургууд, 1967

Де Янгийн музейд энэ сонирхолтой үзүүлбэрээс гадна хэзээ нэгэн цагт хамгийн алдартай эмэгтэйчүүдийн өмсөж байсан зуу гаруй даашинз, таталбар зургууд, архивын гэрэл зургууд тавигджээ. Мастерийн өөрийн ажилд ямагт үнэнч, загварынхаа деталь бүрт нь анхаарч байсны дурсгал нь энэ үзэсгэлэн болж байгаа юм. Үзэсгэлэн тавдугаар сарын 30-нд өндөрлөнө.

Oscar de la Renta-гийн үзүүлбэр, 1980-аад онууд

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна