Сирийн төлөөлөгчид нүүр тулж уулзахаас татгалзжээ

2016 оны 3 сарын 17

 

НҮБ-ын зуучлалаар Сирийн энхийн яриа хэлэлцээ Женевт гурав дахь өдрөө үргэлжилж байна. Яриа хэлэлцээнд оролцож буй Сирийн Засгийн газрын төлөөлөгчид сөрөг хүчнийхэнтэй нүүр тулж уулзахаас татгалзжээ. Хэдийгээр Сирийн сөрөг хүчний төлөөлөгчид нүүр тулж уулзахад бэлэн гэсэн боловч Засгийн газрын албаныхан “террористуудтай шууд яриа хэлэлцээ хийхгүй” хэмээсэн аж.

 

Үүний зэрэгцээ Женевийн яриа хэлцэлд уригдаагүй Сирийн Курдын нам нутгийн хойд хэсэгт засаг захиргаагаа зарлахаар төлөвлөж байгаа гэнэ. Туркийн хилийн дагуух 400 км газрыг эзлэн хяналтдаа авсан Курдын “Ардчилсан эвлэл” намын (PYD) албаныхан энэ тухай мэдэгджээ. Тэднийг Женевийн яриа хэлцлээс хассанд дургүйцэж байгаа аж.

 

Сирид таван жил үргэлжилсэн дайныг зогсоохоор Женевт энхийн яриа хэлэлцээ эхэлмэгц ОХУ тус улсаас цэргийн гол хүчээ эргүүлэн татах болсон юм. ОХУ нь таван сар гаруйн хугацаанд Сирийн газар нутагт исламын хэт даврагсдын эсрэг агаараас цохилт хийсэн билээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна