Эр Рияд шинэчлэлд бэлдэж байна

2016 оны 3 сарын 17

 

Эр-Риядад төр солигдож магадгүй тухай яриа гарах боллоо. Мэдээж ардчилсан шинэчлэл биш. Энд ийм юм хийвэл шууд толгойгүй болно. Гэхдээ хэт хуучинсаг үзэлтэй энэ вант улсын хувьд эрх баригч овгийн дотор эрх мэдэл солигдоно гэдэг том үйл явдал.

 

Саудын Арабын Сангийн сайдын албан тушаалыг 20 жил хашсан Ибрагим аль-Ассаф энэ удаа онилогдоод байна. Хоёр жилийн турш газрын тосны үнэ тасралтгүй унаж, үүнд зохицсон төсвийг Ибрагим аль-Ассаф хэзээ, хэрхэн бэлтгэх бол гэсэн хүлээлт байсан.

 

Түүний оронд Эдийн засгийн сайдын албыг хашаад найман сар болж байгаа Адель Акеих-ийн нэр дуулдаж байна. Энэ ээдрээтэй цаг үед ноён Акеих хэрэгтэй гэсэн мессежийг үндэсний мэдээллийн сувгууд явуулж эхэллээ. Шинэ сайд бензин, байгалийн хий, цахилгааны хөнгөлөлтийг нь хассан нийгмийн халамжийн зарлагыг багасгах бодлогыг амьдралд хэрэгжүүлж байгаа юм.

 

Шинэ төсвийг танилцуулахад Саудын телевизээр урьдын танил гэх хүмүүс харагдсангүй. 1995 оноос Газрын тосны сайдаар ажиллаж байгаа Али аль-Наими ч үзэгдсэнгүй. Эрчим хүчний дотоодын үнийн талаар Эрүүл мэндийн сайд бөгөөд Saudi Aramco гэх улсын нефтийн компанийн захирал Халид аль-Фалих ярив. Вант улсын нэг онцлог нь эрх баригчдад бизнес эрхлэхийг хориглодоггүй.

 

Адель Акеих, Халид Аль-Фалих нар шинэ төсвийг танилцуулах ёстой байсан ч тэгсэнгүй. Гэхдээ энд нэг “но” байна. Учир нь, эд хаан ширээ залгамжлагчдын нэг болсон 30 настай Мухаммад бин Салманд ихээхэн ойр хүмүүс юм.

 

Одоогийн ван Салман бин Абдул-Азиз Аль Сауд энэ жил 80 настай, засгаа өвлүүлэх талаар бодох цаг нь ирсэн гэж болно. Вантан олон хүүхэдтэй гэхдээ Эр-Риядын улс төр судлаачид хан хүү бин Салманд засагт гарч ирэх өндөр магадлалтай гэж үзэж буй.

 

Бин Салман эргэн тойрондоо эхний ээлжит залгамжлагчид болох язгууртнуудыг биш харин амжилттай яваа бизнесменүүдийг цуглуулж байна. Вашингтонд суугаа вант улсын Элчин сайдын яамны зөвлөх Фахад Назер мэдэгдэхдээ,  дэлхийн нефтийн томоохон экспортлогч  ажил хэргийн асуудлаа хуучнаараа шийдэх боломжгүй болсныг  хэлсэн юм.

 

Нефтийн үнэ унасантай холбоотойгоор хямраад байгаа эдийн засгаа өөд татахын тулд хурдан бөгөөд шийдэртэй тэмцэх шаардлагатай юм. Гадаад хүчин зүйл ч бас нөлөөлж байгаа. Тухайлбал, чансааны Moody's агентлаг Саудын Арабын бүх банкны үнэлгээг бууруулсан юм.

 

Залгамжлагч бин Салман цоо шинэ зорилго бүхий үндэсний өөрчлөлтийн хөтөлбөрийг  боловсруулж эхэллээ. Вангийн овгийн хүрээн дэх эдийн засгийн шинэчлэлийг 2020 он хүртэл явуулна. Үүний эхний алхам нь Эдийн засгийн яаманд гол эрх мэдлийг хариуцуулсан явдал юм. Өмнө нь тэр яам цэвэр бэлгэ тэмдгийн шинжтэй байсан юм. Таван жилд нэг удаа яг л адилхан төлөвлөгөөг гаргасаар иржээ. Түүнд нь нефтийн олборлолт ба экспортыг нэмэх асуудал л багтаж ирсэн байв.

 

Шинэчлэлийн гол утга санаа нь нефтийн орлогын хамаарлаас ангижрах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах, улсын компаниудыг хувьчлах, төрийн албаны зарлагыг буулгах, нэмүү өртгийн татвар тогтоох зэрэг юм байна.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна