Хамгийн аз жаргалтай хүмүүс даничууд

2016 оны 3 сарын 17

 

Дани улсыг ихэнх хүмүүс “Гамлет” эмгэнэлт жүжиг болон Викингчүүдийн үр хойч гэдгээр нь сайн мэддэг. Харин Скандинавын энэ улсын иргэдийг дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүс гэжээ.

 

АНУ-ын Ардчилсан намын нэр дэвшигч Хиллари Клинтон, Бэрни Сандерс нар хүртэл энэ жижиг улсыг аз жаргалтай, төгс нийгмийн сайн жишээ гэж тодорхойлсон юм. НҮБ  өчигдөр 156 орны иргэдийн дунд явуулсан судалгааны тайланг танилцуулж, Дани улсыг дэлхийн хамгийн аз жаргалтай улс гэж зарласан байна.

 

Аз жаргалтай Данийн нэгэн иргэн, 39 настай нийгмийн ажилтан Кнуд Кристенсен энэ улсын иргэдийг яагаад хамгийн жаргалтай хүмүүс гэж тодорхойлсныг Дани улсад байгалийн гамшигт үзэгдэл гарах нь маш ховор, хээл хахууль, авилга гэж мэдэхгүй, бас халдлага, үймээн самуун байхгүйтэй холбон тайлбарлажээ.

 

Кнуд Кристенсен “Бидэнд санаа зовох зүйл огт байдаггүй. Хэрэв бид ямар нэг зүйлд санаа зовдог бол тэр нь цаг агаар л байх. Өнөөдөр бороотой, дүнсгэр өдөр болох болов уу эсвэл нар гарах болов уу гэдэг талаар л хүмүүс голдуу ярилцдаг байна.

 

 

НҮБ 2012 оноос хойш дэлхийн улс орнуудын дунд аз жаргалын судалгаа явуулж эхэлсэн бөгөөд 5.6 сая хүн амтай Скандинавын  энэ жижиг улс хоёр дахь удаагаа дэлхийн хамгийн аз жаргалтай орнуудын жагсаалтыг тэргүүлжээ.

 

Судалгааг маш олон хүчин зүйл тухайлбал эмнэлгийн халамж үйлчилгээ авах боломж нөхцөл, эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа, ажлын байрны аюулгүй байдал, улс төрийн эрх чөлөө, авилгын түвшин зэргийг харьцуулан гаргажээ.

 

Дани улсад төрийн албаны дээд албан тушаалтнуудын 43 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг бөгөөд хамгийн өргөн хүрээтэй, өгөөмөр нийгмийн халамжийн системтэй улс гэдгээрээ алдартай. Иргэн бүр эрүүл мэндийн үнэгүй эмчилгээ үйлчилгээ авах эрхтэй эрүүл мэндийн сайн системийн хариуд өндөр татвар төлдөгтөө гомдоллодог хүн маш цөөн. Данийн иргэн ажилгүй боллоо ч нийгмийн халамжийн ачаар гудамжинд гардаггүй.

 

Судалгааг явуулсан Колумбын их сургуулийн профессор Жеффри Сакс “Иргэдийнхээ амьдралыг сайн сайхан, аз жаргалтай байлгах нь улс орон бүрийн зорилго байх ёстой” хэмээн ярьжээ. Дэлхийн хамгийн аз жаргалтай улсын эхний арван улсын тоонд Дани, Швейцари, Исланд, Норвеги,  Финланд, Канад, Нидерланд, Шинэ Зеланд, Австрали, Швед зэрэг орон оржээ.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна