Тэнгэрийн хүү тэнгэрт

2016 оны 3 сарын 17

Бидний зүрх сэтгэлийг юу эзэмдэнэ вэ? Бусдыг анзаарах нь байтугай өөрийгөө ч өнгийж харах сөхөөгийн өнөөгийн хөгжлийн хэтэрхий их хурдасгуурт хоцорч үлдэхгүй гэсэн тэмүүлэл маань амьсгаа авах боломж үл олгоно. Улам бүр, бүр лавшран хийсвэр ертөнц рүү зүтгэсээр...

Анзааргагүй энэ амьдралын нугачаанд авьяас билэг төгс нэгнийг маань биднээс үүрд аваад оджээ.

Цэрэндэжидийн Гантөмөр. Догшин харгис, хайр дурлалдаа сохорсон Отелла. Хүүхэд бүхний хүсэн мөрөөддөг нисгэгч. Бүсгүйчүүлийн харцыг булаан сайхан залуу. Эгэл жирийн манаач. Театрын үзэгчдийг тухлан суулгах халуун, дулаан илчээр төөнөгч галч. Хорвоогийн хүн бэрх даваа нугачаа бүхнийг духандаа зурсан буурай. Аль алинаар нь түүнийг төсөөлж, дотроо бодох нь аргагүй биз ээ.

Харин надад “Хүний мөр”-ийн гялалзсан нисгэгч Чинбатаар түүнийг хамгаас илүү төсөөлдөг. Хэрэвзээ тэрээр сэтгэлийг бус биеийг эмчлэгч болсон бол... Их урлагийн хаалгыг татахын тулд сургуулиа зориглон орхиогүй бол. Хүүхэд ахуй насаа дутагдах, гачигдах, элэг дутуу амьдралын гашуун зовлонг туулаагүйсэн бол...

Хүссэндээ хүрэхийн тулд дагалдан болж, манаачаас эхлээд шал хүртэл угааж, тэсэж үлдээгүйсэн бол нисгэгч Чинбат нэр надад тийм дотноор үлдэх байсан болов уу?

Өөрийн туулсан, өөдрөг тэмүүлэл жүжигчин болгосон гэхээсээ илүүтэй “Ванган гуай намайг урлагт дуртай болгосон юм” гэж байгаад л “1954 онд. Хүн эмнэлгийн сургуульд сурч байхад нэг өдөр “Л.Ванган ирж, урлагийн талаар лекц хийнэ” гэсэн зар тарлаа. Намхан нуруутай, махлаг, бор залуу бидэнд жүжигчний тухай мөн сайхан ярьж билээ. Тэр лекцийг сонсоод л үндсэндээ жүжигчин болохоор шийдсэн юм шүү дээ”. Ийм л энгүүн өгүүлдэг байсаан тэр. Жүжигчин болохоос нь өмнө бас ч авьяас нь тодорчихсон байсан бололтой. Учир “Төрсөн нутаг Архангай аймгийн Хашаат сумынхаа дунд сургуульд сурч байхдаа шүлэг уншдаг, аймаг,сумын урлагийн үзлэгт оролцдог нэгт ийм хөдөлгөөнтэй л хүүхэд байсан. Тэгэхэд миний багш, сүүлд сэтгэл суддалын доктор, профессор болсон Базаргүр гэж хүн намайг урлагийн сургуульд ор гэж ятгаж байсан юм шүү. Гэвч тэр үед урлагт сонирхолгүй байсан ч юм уу, зөрөөд эмч болохоор Хүн эмнэлгийн техникумд орсон юм” гэж Соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын “Та хариулахгүй ч байж болно” нэвтрүүлэгт орохдоо ярьж байсныг сонсч билээ.

Саяхандаа,

-Ванган гуай намайг дуудаж байна. Яваад очлоо. “Түмний нэг”-ийн хоёрдугаар ангийг хийнэ. Энэ залууд чи тогло гэсэн. Энэ жүжгийг сайтар судалж ойлго гэж байна.

-Судална гэж яадаг юм бэ гэсэн чинь,

-Сайн уншиж ойлго гэж байхгүй юу... гээд мөнх юм шиг маасайж суусан сан.

Тийм ээ, мэддэг юм шиг бус мэдэхийн, амьдралын утга учрыг олохын төлөөх тэмцэл нь түүнийг бидний хайртай нэгэн болгосон нь гарцаагүй.  “Багадаа өнчирч, зовлон үзсэн болохоор хүнд буян үйлдэх юмсан гэсэн хүсэл минь дийлсэн юм байлгүй” гэж түүний даруухан өгүүлэхийг телевиз, сонинд өгсөн ярилцлагаас нь олон арван удаа үзэж, уншиж, сонсч явлаа.

Тэр алтан үеийнхнээсээ суралцаж явсан залуу. Залуу үедээ сургасаар бурхны оронд заларсан буурай байлаа. Өнчрөл хагацлын зовлон амсаж, наашаа гэх хүнгүй хэцүү бэрхийг туулсан ч “Хог дээр хэвтэж байхад ч хүртэл жаргалтай санагддаг үе хүнд байдаг юм шүү” гэж байснаас бусад шиг төр, засгаа муу хэлж, шагнал, алдраар бялхаж явахдаа ч “Чинээлэг айлын, тогтсон гэр бүлгүй охин байсан юм билээ. Гэсэн ч надад тэр их хөрөнгөнөөс жаахан ч заяагаагүй. Ээжийн хөрөнгийг тэp үеийн мөнгөөр тооцвол 90 мянган төгрөгт үнэлэгдэхээр байсан гэсэн. Гэхдээ ээжээрээ овоглож Төрийн ордонд олон шагнал авахдаа “Цэрэндэжидийн Гантөмөр” гэж Ерөнхийлөгчийн зарлигт хадаж чадсандаа бахархаж явдаг. Би ээжийгээ муу хэлүүлэх дургүй. Муу хэлсэн хүнийг би ёстой баллана” гэж бялдуучилж, зусардалгүй, бас буруу шааж, зүхэлгүй энгийнээс энгийн яриа өрнүүлсээр иржээ.

Тийм ээ, Цэрэндэжидийн Гантөмөр. Тэр шинэ цагийн жүжигчдэд насаараа цуглуулаад барахгүй туршлага, алдаа онооноос нь суралцах сурах бичиг, амьдралын чиг шугам, ард түмэндээ хайртай бахархал нь байлаа.  Амьдралын ухамсарт жарын жаран жилээ ард түмэндээ хоёргүй сэтгэлээр зориулсан хосгүй авьяастан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ.

Тэр гэртээ суухаас айдаг байсан. “Би ганцаардлаас их айдаг. Хийх юмгүй байна гэдэг ганцаардахтай адил” гэж тэрээр олонтаа хэлж байжээ.

“Ээж ээ, аав аа, би” гэж нисч явсан цэл залуухан Чинбат хязгаар үгүй хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөж тэнгэрт хальжээ. Бурхан түүнийг минь тэнгэрийн ордны жүжигчин болгохоор урин залжээ.

Товч намтар

Цэрэндэжидийн Гантөмөр - БНМАУ-ын Төрийн шагналт, Ардын жүжигчин.

Архангай аймагт бүрэн бус дунд сургууль төгссөн. Улаанбаатарт хүн эмнэлгийн техникумд суралцаж байгаад УХДТ-т дагалдан жүжигчнээр 1954 онд орсноос хойш насны тэтгэвэрт гартлаа ажиллажээ. Л.Ванган, Дашням нарын “Тожоо жолооч”-ийн Шийнэн, Ч.Ойдовын “Далан худалч”-ийн салга ноён, И.Тылийн “Страконецийн хөөрөгт цоорчин”-ы Шванд, А.Штейны “Хувийн хэрэг”-ийн Степан, Ч.Чимидийн “Босгон дээр”-ийн Лувсан, “Сэтгэлийн дуудлагаар”-ын Төмөр, Д.Мягмарын “Найрын ширээний ууц”-ын Дорж, Д.Намдагийн “Ээдрээ”-гийн Сономбаатар, В.Шекспирийн “Отелло”-гийн Отелло, Ч.Чимид, Л.Ванган нарын “Түмний нэг”-ийн Чинбат, Н.Погодины “Буутай хүн”, С.Ермалинскийн “Цаг өөр болжээ” жүжгийн Ленин гэх мэтчилэн тайз, дэлгэцийн олон арван дүрийг бүтээж, “Ээдрээ”, “Галилейн амьдрал”, “Найрын ширээний ууц” жүжгийн гол дүрүүдээрээ төрийн шагнал хүртжээ. 1981 онд МХЗЭ-ийн нэрэмжит шагналаар шагнагджээ. Жүжигчний хөдөлмөрийнхөө хажуугаар СУИС-д олон жил багшилж буй профессор ажээ.

Л.ТӨГС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна