Фермагийн теоремыг баталсан математикч шагнуулав

2016 оны 3 сарын 17

 

Их Британийн профессор Эндрю Уайлс 300 жил баталж чадахгүй байсан Фермагийн их теоремыг шийдэж, математикчдийн удаан хүлээсэн мөрөөдлийг биелүүлсний төлөө Норвегийн шинжлэх ухааны академиас олгодог математикчдийн хамгийн нэр хүндтэй Абелевийн шагнал 700,000 ам.долларын эзэн болжээ. Францын математикч Фермагийн 1637 онд бичиж үлдээсэн энэхүү теорем нь батлагдалгүй, эсрэг жишээ ч олдолгүй он удаан жилийг элээсэн тул Фермагийн их теорем хэмээн нэрлэгдэх болсон байна. Энэ нь "3-аас багагүй натурал тоо n-ийн хувьд x^n+y^n=z^n байх 0-ээс ялгаатай (x、y、z) натурал тоон гурвал олдохгүй" гэсэн теорем юм.

 

Эндрю Уайлс 1990 онд уг теоремыг баталсан боловч бас л дутуу байжээ. Харин 1994 онд алдаагаа залруулснаар математикийн түүхэн дэх он удаан хүлээгдсэн, хамгийн олон удаа батлах гэж оролдсон теорем батлагдсан билээ.

 

Профессор Эндрю Уайлсд  шагналыг ирэх тавдугаар сард Норвегийн хунтайж Хаакон гардуулах юм.  Норвегийн шинжлэх ухааны академийн шагналын хороо “Уайлс бол олон улсад дуулиан тарьсан теоремыг баталсан цөөхөн математикчдийн нэг” гэсэн байна.

 

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна